Шударга мэдээ
Орон сууцны барилга барих гэж байсан газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр боллоо
Баянзүрх дүүргийн 6-р хороонд “Наран трейд” ХХК сургуулийн зориулалтаар барилга барина хэмээн мэдэгдэж байсан газартаа 16 давхар орон сууц барихаар ажлаа эхэлсэн байна. Иймээс оршин суугчид үүнийг эсэргүүцэн, зохион байгуулалтад орж, НИТХ-ын төлөөлөгчид болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ханджээ.
Энэ дагуу НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, мөн НИТХ-ын төлөөлөгч нараас бүрдсэн хоёр Ажлын хэсэг гарч, дүгнэлтээ гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамж гаргалаа. Захирамжийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ иргэдэд танилцуулсан юм.
“Наран трейд” ХХК нь Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт орон сууц, сургуулийн цогцолбор зориулалтаар 19,980 ам метр газар эзэмшдэг. Гэвч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жилээс дээш хугацаагаар ашиглаагүй байна. Иймээс өмч хувьчлалаар худалдан авсан объектод хамаарахаас бусад 9076 ам метр газрыг хасаж, эзэмших талбайн хэмжээг өөрчиллөө. Мөн “Наран трейд” ХХК нь эзэмшиж байгаа газартаа барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын байрнуудын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан бөгөөд тус компанид барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгосон нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн тул Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгов.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр болгож, ирэх хавраас ногоон байгууламж, тоглоомын талбай байдлаар тохижуулна. Тухайн компанид сонсох ажиллагаа хийсэн. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн буюу ард түмний өмч. Газрын эзэмшил, ашиглалтай холбоотой асуудалд нийт иргэдийн эрх ашгийг бодолцож үзэх хэрэгтэй. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хүн амын нягтаршил хэтэрсэн газруудад шинээр барилгын ажил эрхлэх зөвшөөрөл олгохыг хориглосон. Нийслэлийн зүгээс иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлж, гарааш, хашаа, самбаруудыг буулгаж байна. Мөн ногоон байгууламжуудыг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” хэмээлээ. Түүнчлэн Хотын дарга иргэдийн эрх ашгийг хамгаалсан, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангасан шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байгааг онцолсон.
Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэн Б.Халиун “Манай хороо 4000 орчим иргэнтэй. “Наран трейд” ХХК орон сууцны барилга барих гэж байсан нь олон хүний эрх ашгийг хөндсөн. Бид хэдэн жилийн өмнөөс энэ газрыг улсад зарах саналыг тус компанид тавьж ирсэн ч хүлээж аваагүй. Анх сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглана гэж байсан ч гэнэт 16 давхар барилга барих болсон. Байрны иргэд маань мөнгөө нийлүүлж, хуульч хөлсөлж, тэмцлээ санхүүжүүлсэн. Бид долоодугаар сараас хойш энэ асуудлыг хөөцөлдсөн. Олонхын эрх ашгийг хүндэтгэж, Хотын дарга ийм шийдвэр гаргасанд баяртай байна” хэмээлээ.


Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
