Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа

Огноо:

,

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 12 дүгээр 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг тус тус явуулсан.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 19 дүгээр тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, бүрэлдэхүүнд нь  УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласныг онцлоод Байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэнийг онцолж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, С.Чинзориг нар асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 1, 2 дахь хэсгийг нэгтгэн “1.Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчлөн найруулж, 3 дахь хэсгийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжлээ. Мөн төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалтын 1 дэх хэсгийн “хууль ёсны болох нь” гэснийг “үндэслэлгүй болох нь” гэж өөрчилж, төсөлд “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан “их хэмжээ” гэдэгт нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэсэн агуулгатай Тайлбар нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69,8 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.  

Хууль зүйн байнгын хороо энэ өдөр дахин хуралдаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан тул чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын  гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 1 санал хураалт явуулсан бөгөөд зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90.1 хувь нь дэмжсэн. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг тодотгосон.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж,  Х.Нямбаатар, Б.Энхбаяр нар асуулт асууж, үг хэлсний дараа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 95.7 хувь нь  дэмжлээ.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Огноо:

,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.

Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.

Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.

Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.

Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.

Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.

“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.

Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Стратегийн нөөцийн зарим бараа болон хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

Нөөцийн мах бэлтгэхээс эхлээд худалдан борлуулах хүртэлх бүх шатны хяналт сул байсныг Засгийн газрын хуралдаанаар онцолсон байна. Тухайлбал, 2025 онд 5016 тонн нөөцийн мах бэлтгүүлэхээр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлжээ.

Гэвч хаврын улиралд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн 720 тонн махыг нийлүүлээгүй байна. Мөн 3203 тонн махыг цахим төлбөрийн баримттай борлуулсан бол үлдсэн махыг төлбөрийн баримтгүй болон хэт өндөр дүнгээр борлуулсан зөрчил илэрчээ.

Иймд нөөцийн махны бүртгэл, хяналтын тогтолцоог цахимжуулах Засгийн газрын тогтоол баталсан байна.

Бүртгэл, хяналтын нэгдсэн системийг Сангийн яам наймдугаар сард багтаан бэлэн болгоно. Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, хадгалах, түгээх, борлуулах бүх шатанд цахим төлбөрийн баримт үйлдэж, бүртгэлийг ил тод болгох юм.

2026 оны намар бэлтгэж, 2027 оны хавар худалдаанд гаргах нөөцийн махны бүрдүүлэлтэд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагваг онцгойлон анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

Нөөцийн махыг цахим системд бүртгэснээр мах бэлтгэлийн явц, нөөцийн үлдэгдэл ил тод болно. Мөн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар ашиглах явдлыг таслан зогсоох, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгох боломжтой гэж үзжээ.

Иргэд агуулах, үйлдвэрээс махаа шууд худалдан авах, малчид системээр дамжуулан бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчид борлуулах боломж бүрдэх юм.

Түүнчлэн түлш, улаанбуудай, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зоорь, агуулах барих аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, цахилгааны хөнгөлөлт үзүүлэхийг салбарын сайд нарт үүрэг болголоо.

 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох