Шударга мэдээ
Зам талбай цэвэрлэх, халтиргаа гулгааг арилгах ажил үргэлжилж байна
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсэж, иргэд, олон нийтээс хүсэлт, гомдол ирж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дүүргийн удирдлагууд, холбогдох хүмүүстэй уулзаж, амралтын өдрүүдээр шаардлагатай арга хэмжээг авч, нөхцөл байдлыг даваа гараг гэхэд хэвийн болгохыг үүрэг болгосон билээ.


Энэ хүрээнд төвийн зургаан дүүрэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, цацах давс, бодисын нөөц бүрдүүлэх, ажиллах албан хаагч, машин техникийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг авч буй.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны дарга Н.Магсар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар “Төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбай, явган болон авто замын цас мөсийг арилгахаар 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр эрчимжүүлсэн байдлаар ажиллаж байна. Өнөөдрөөс эхлээд цас орох тул бид мөн бэлэн байдлыг хангах үүднээс тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал, цацах давс, бодис татан авах, мөн машин техникийг бэлэн байлгаж буй. Цас орж, халтиргаа үүсэхэд ажиллах 400 орчим албан хаагч, бодис, давс цацах 15 машин, цас хусаж цэвэрлэх 15 машинаас гадна бичил машинуудыг бэлдсэн” гэлээ.

УБЗАА-ны Хөрс, орчны бохирдол, ариутгал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Хотын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дүүргүүдийн холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хуралдсан. Энэ тал дээр уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулах тал дээр онцгой анхаарч байна. Зам, талбайд цацах давс, бодисын нөөц бүрдүүлэх, ажиллах албан хаагч, техникүүдийг хуваарилан ажиллаж байна” хэмээсэн юм.

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга И.Сарангэрэл “Хан-Уул дүүргийн хэмжээнд сар бүрийн хоёр дахь долоо хоногт их цэвэрлэгээг зохион байгуулдаг. Хотын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу бид аж ахуйн нэгж, байгууллагад албан бичиг илгээж, их цэвэрлэгээг эхлүүлээд байна. Дүүргийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, СӨХ зэрэг 1200 орчим байгууллага 2000 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 10100 гаруй ам метр талбайг цэвэрлэж, 40 тонн цас, мөс хог хаягдал ачууллаа. Албан байгууллагуудаас гадна хороод ч энэ их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож байна. Энэ амралтын өдрүүдээс эхлээд цас орох төлөвтэй байгаа тул цацах давс, бодисын нөөц бүрдүүлэх зэргээр бэлэн байдлыг хангаж байна” хэмээв.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Шударга мэдээ2020/03/31
Нийслэлийн хэмжээнд хорио арга хэмжээ 04 сарын 30 хүртэл үргэлжилнэ
-
Улстөр нийгэм2022/06/03
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол болно
-
Цаг үе2023/03/29
Загастайн давааны зорчих хэсэгт дахин нуралт үүсэх эрсдэл бий болжээ
-
Урлаг спорт2024/09/02
ОУХМ Ц.Баттулга паралимпоос мөнгөн медаль хүртлээ
