Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Авлигын талаарх төсөөлөл Ази даяар зогсонги байдалд байсаар л

Огноо:

,

Азийн улс орнуудын засгийн газрууд урьдын адил авлигад идэгдсэн хэвээр байна.

Tрансперэнси интернэшнл олон улсын байгууллага нь 2022 оны Авлигын төсөөллийн индексийг тооцон гаргаж, үр дүнг танилцуулсан нь Diplomat сайтын байнгын уншигчдыг төдийлөн гайхшируулсангүй.

Учир нь дэлхийн ихэнх орнуудын нэгэн адил Ази-Номхон далайн бүс нутагт авлигын асуудал нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд зогсонги байдалд орсон болохыг Трансперэнси интернэшнл онцолсон байна. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19 цар тахал, цаг уурын өөрчлөлт болон түүнээс үүдэлтэй хямрал зэргээс шалтгаалан дэлхий даяар улс орнуудын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүссэн. Эдгээр аюул, заналхийлэл нь өдгөө тодорхойгүй байдлыг улам бүр нэмэгдүүлж байгаа ба үүний хирээр шинэ эрсдэлийг бий болгож, давлагааг эрчимжүүлсээр байна. Тогтворгүй байсан дэлхийн улс орнууд авлигын асуудлаа шийдэж чадахгүй байгаагаас үүдэлтэйгээр эл асуудлыг улам дордуулж байгаа нь илэрхий билээ. Үүнээс гадна эдгээр сөрөг хүчин зүйлс нь дэлхийн ардчиллыг уналтад оруулахад ихээхэн түлхэц үзүүлж, улмаар дарангуйлагчдыг хүчирхэгжүүлэхэд хүргэж байгааг Tрансперэнси интернэшнлийн тайланд онцлон анхааруулжээ.

Авлигын төсөөллийн индекс нь 0-100 шатлалаар (0-авлигад маш их автсан; 100-маш цэвэр) дэлхийн 180 улс орныг “төрийн байгууллагуудын авлигын төвшин”-өөр нь эрэмбэлдэг. Ази, Номхон далайн бүс нутагт орших улс орнууд дөрөв дэх жилдээ дунджаар 45 оноо авч үнэлэгдсэн байна. Энэ нь 2022 оны дэлхийн дунджаас “ялимгүй дээгүүр” буюу 43 оноогоор үнэлэгдсэнийг илтгэнэ. Харин Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн улс орнууд дунджаар 35 оноогоор үнэлэгдсэн байна. Бидний энд хамруулан үзэж буй Төв Азийн таван орноос зөвхөн Казахстан Улс 36 оноогоор үнэлэгдсэн байна. Харин БНАСАУ (17), Туркменистан (19)  зэрэг улсууд чансаагаар сүүлийн байрт орсон бол тус бүс нутагт чансаагаараа Шинэ Зеланд (87) тэргүүлж, Сингапур (83)  удаалсан нь Ази тивийн орнуудаас хамгийн өндөр оноогоор үнэлэгдсэн байна.

Тогтворгүй байдал, ардчилал, хүний эрхэд халдсан хориг, хязгаарлалт тавих явдал үргэлжилсээр байгаа нь иргэний орон зай, үндсэн эрх чөлөөг хязгаарлаж, халдаж байна гэж Транспэрэнси Интернэшнл тэмдэглэв. Түүнчлэн тус байгууллага (Трансперэнси Интернэшнл)-ын зүгээс “эл хандлага  үлэмж даамжирсаар Ази, Номхон далайн янз бүрийн орнуудад авторитаризм нэмэгдэх шалтгаан болж, улмаар иргэний нийгмийн “хоточ нохой”-н үүргийг сулруулж, олон удирдагчид авлигатай тэмцэх хүчин чармайлтаас илүүтэйгээр эдийн засгаа сэргээхийг урьтал болгох болсон гэж нэмж хэлэв.

Бидний мэдэхээр Киргизийн Засгийн газар сүүлийн жилүүдэд авлигыг илчлэхийн тулд ихээхэн хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Үүний нэг жишээ бол Киргизийн "Эрх чөлөө/Азаттык" хэмээх радиогийн албыг хаах оролдлогоос үүдэлтэйгээр тус улс авлигын төсөөллийн индексээр 27 оноо авсан юм.

Ази даяар засгийн газрууд урьдын адил авлигад автсан гэж ойлгогдоход хүргэж байна.

Тухайлбал, Пакистан Улс индексийн үзүүлэлтээрээ 27 оноо авсан нь тус улсын сүүлийн 10 жилийн дунджаас доогуур үнэлэгдсэнийг харуулав. Өнгөрсөн жил, тус улсын  Ерөнхий сайд Имран Ханыг засгийн эрхээс нь огцруулсан. Тэрээр 2018 оны сонгуулийн ажлынхаа гол цөм болсон авлигатай тэмцэх ажлыг эхлүүлсэн ч Имран Ханы хийсэн эл хүчин чармайлт нь тус улсын авлигын талаарх төсөөлөлд ямар ч нөлөө үзүүлсэнгүй.

Дараагийн онцлох улс болох Малайз нь 47 оноо авсан юм. Тус улсад хамгийн сүүлд илчлэгдсэн, дуулиан дэгдээсэн авлигын том хэрэг бол “2016 оны 1MDB” байсан юм. Тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разак нь өнгөрсөн жил авлигын хэргээр шоронд хоригдож байсан хэдий ч шинэ Ерөнхий сайд Анвар Ибрахим нь түүнийг өөрийн танхимдаа багтаасан явдал нь хачирхалтай байгаа юм.

Тэгвэл Монгол Улс 2022 онд авлигын төсөөллийн индексээр 33 оноо авч доогуур үнэлэгдсэн байна. Тус улсын хувьд нийслэл хотод нь авлигын эсрэг жагсаал, цуглаан зохион байгуулагдсаныг энд дурдъя. Трансперэнси Интернэшнл байгууллага “Өнгөрсөн жил тус улс авлигатай тэмцэх тогтолцоогоо сэргээхийн тулд зарим нааштай алхмуудыг хийсэн боловч авлигын эрсдэлтэй тэмцэх арга хэмжээ нь төдийлөн хангалттай байсангүй хэмээн тайландаа тэмдэглэсэн байна.

Дараагийн улс Непал 34 оноо авсан. Тус улсын нисэхийн салбар дахь авлига нь сүүлийн үеийн онгоцны осолтой холбоотой юм. Харин Вьетнам улс 42 оноо авсан ба Ковид-19 авлигын хэргийн улмаас ерөнхийлөгч нь огцорсон юм.

Авлига бол олон талт асуудал учраас ганц өгүүлбэрээр илэрхийлэгдэх боломжгүй, Ази даяар авлига нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө багатай, иргэний орон зай илүү хязгаарлагдмал нийгэмд хамгийн их цэцэглэдэг. Өндөр хөгжилтэй улс орнууд хөгжиж буй орнуудтай харьцуулахад илүү байдгийн нэгэн адил авлигатай тэмцэх тал дээр ардчилсан улсууд нь  автократ төртэй улс орнуудаас илүү байдаг.

Гэвч өндөр үнэлгээтэй улсуудад тулгардаг асуудлуудын талаар бичсэн эсээнд нийтийн албан дахь авлигын түвшин доогуур гэж тооцогддог улсууд нь "гадаад болон дотоодын албан тушаалтны үйлдсэн хувийн ашиг сонирхлын зүй бус нөлөөлөлд өртөмтгий хэвээр байдаг гэж үзжээ. Ялангуяа Авлигын төсөөллийн индекс нь "Өөрийн эдийн засгаар дамжуулан хулгайлагдсан хөрөнгийг угаах, эсхүл гадаадын нийтийн албан тушаалтныг хахуульдаж байгаа компанийг хариуцлагад татахгүй өнгөрөөх зэргээр хил дамнасан авлигын гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг хэр хэмжээнд бүрдүүлж байгааг харуулдаггүй".

"Энэ нь өндөр үнэлгээтэй улсуудын хамгийн том сул тал мөн" гэж Трансперэнси Интернэшнл байгууллага үзжээ. Ил тод байдлыг хөрөнгө оруулалтаас дээгүүр тавьдаг Олон улсын санхүүгийн тогтолцооны суурь болох санхүүгийн нууц нь "глобалчлагдсан авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд гол саад тотгор болдог". Халхавч компанийн өмчлөгч, халхавч компанийн ард байгаа жинхэнэ өмчлөгчийг олон давхар нууцлалаар халхавчлах нь Барууны санхүүгийн системийн гол мөн чанар бөгөөд Ази болон бусад дэлхийн улс орнуудад авлигын гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтнууд хууль бус хөрөнгөө түүн рүү шилжүүлж, дарвуулт завь, үл хөдлөх хөрөнгө зэрэг эд зүйлс болгон угаадаг. Казахстан гэх мэт улсууд төсөөллийн индексийн үнэлгээгээр доогуур үнэлэгдэх болсон шалтгаан нь өндөр үнэлгээтэй тэдгээр улсуудаас үзүүлж буй үр нөлөө билээ.

Эх сурвалж: https://thediplomat.com
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох