Цаг үе
Европын Парламент нь байгууллагын ил тод байдлын төлөө хүчтэй арга хэмжээг санал болгож байна
Европын парламент бохир мөнгөнөөс хамгаалах хамгаалалтыг нэмэгдүүлэх ЕХ-ны хууль тогтоомжийн төслийн талаарх байр сууриа илэрхийлэв. Энэхүү хууль тогтоомжийг Европын парламентын талд хамтран тэргүүлдэг Эдийн засаг (ECON) болон Дотоод хэрэг, иргэний эрх чөлөөний (LIBE) хамтарсан хороод мөнгө угаахтай тэмцэх багц хуулийн төсөлд хэд хэдэн томоохон нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталлаа. ЕХ-ны Зөвлөл, Комисс, Парламент нь гишүүн орнуудын хэрэгжүүлэх эцсийн хууль тогтоомжийн талаар тохиролцоонд хүрэх хэлэлцээрийг эхлүүлнэ. Транспэрэнси Интернэшнл нь Европын парламентын нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан хатуу арга хэмжээнүүд, ялангуяа Мөнгө угаахтай тэмцэх 6-р удирдамжийн шинэчилсэн найруулгыг сайшааж, тус найруулгыг Зөвлөл хүлээн зөвшөөрөхийг уриалж байна.
Транспэрэнси Интернэшнл байгууллагын авлигын мөнгөний урсгалын шинжээч Майра Мартини хэлэхдээ:
Өнгөрсөн оны сүүлээр ЕХ-ны Дээд шүүх компанийн ашиг хүртэх өмчлөлийн бүртгэлд олон нийтэд нэвтрэх эрхийг цуцалсны дараа ЕХ-ны мөнгө угаахтай тэмцэх багцыг сайжруулах хэрэгцээ шинээр гарч ирсэн. Европын парламент өнөөгийн сорилтод хариу үйлдэл үзүүлж, шинэ найруулга, заалтууд батлагдвал ЕХ-г компанийн нууцлалын эрин /secrecy era/ рүү буцахаас урьдчилан сэргийлэх тул бид бүхэн тус үйлдлийг сайшааж байна.
Санал болгож буй заалтууд нь шүүхийн шийдвэрийг хүндэтгэн харж байгаа бөгөөд ач холбогдолтой хүртээмжийг хангах чиглэлийг тодорхойлохын зэрэгцээ хууль ёсны ашиг сонирхлыг зөвхөн тохиолдол тус бүрээр үнэлдэг байсан өмнөх удирдамжийн дутагдлыг арилгах болно. Сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг ашиг хүртэгч эцсийн өмчлөгчийн бүртгэлд илүү өргөн хүрээтэй хандах боломжийг хангах нь тэдний бүрэн эрхийнхээ хүрээнд мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд туслах гол түлхүүр юм”
Транспэрэнси Интернэшнл байгууллагын ЕХ-ны бодлогын ахлах ажилтан Роланд Папп хэлэхдээ:
“Мөнгө угаахтай тэмцэх багц хуулийн талаарх Европын парламентын байр суурь амбицтай бөгөөд бохир мөнгөтэй тэмцэх шинэ боломжийг бий болгож байна. Бид одоо Зөвлөл болон Комиссоос үндсэн элементүүдийг эцсийн текстэд оруулахыг хүсч байна. Бид мөнгө угаахтай тэмцэх сайн нөөцтэй байгууллага, илүү хатуу дүрэм журмыг олж харах хэрэгтэй, эс тэгвээс ЕХ гэмт хэрэг, авлигаас олсон орлогыг найдвартай агуулах газар хэвээр байх болно."
Мөнгө угаахтай тэмцэх багц хуулийн төсөлд Европын парламентын саналууд нь бусад олон таатай арга хэмжээг багтаасан бөгөөд үүнд: мөнгө угаахтай тэмцэх байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх; ашигт малтмалын эцсийн өмчлөлийн талаарх мэдээллийг заавал ил болгох босгыг 25 хувиас 15 болгон, олборлох салбарт үйл ажиллагаа явуулдаг болон мөнгө угаах эрсдэл өндөртэй компаниудын хувьд 5 хувь хүртэл бууруулах; алтан паспорт худалдахыг хориглож, алтан визний схемийг заавал шалгах ёстой гэх мэт байна.
https://www.transparency.org
Цаг үе
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.
Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.
Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.
Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.
Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.
Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.
Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

