Улстөр нийгэм
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Бүтээлч үйлдвэрлэл хөгжлийн бодлогын суурийг тавьж, бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлнэ” гэж заасан болохыг дурдаад манай улсын хувьд соёлын салбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж үйлчилж байгаа боловч өөрийн орны өвөрмөц онцлогийг хадгалан, нөөц боломж, технологийн хурдацтай хөгжил, дижитал шилжилт зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж давамгай соёлын нөлөөлөл болон дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнийг даван туулах, мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцоор нь төрийн бодлогоор дэмжих зохицуулалт хангалтгүй байгааг тэмдэглэв.
Тэрбээр, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг бодлогын баримт бичгүүдэд заасан зорилт, практик шаардлагад нийцүүлж боловсруулсан. Хуулийн төсөлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хэлбэр, удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулсан гэлээ.
Уг хуулийн төсөл батлагдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдэж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц нэмэгдэнэ. Мөн төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэр тодорхой болж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх, түгээхтэй холбоотой үе шат бүрд бүртгэл, мэдээллийн тогтолцоо нэвтэрч, соёлын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг хэмжих боломж бүрдэнэ. Түүнчлэн соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар сайжирч, гадаад зах зээлд өрсөлдөх боломж бүрдэн, ажлын байр нэмэгдэж, Монгол хүний шавхагдашгүй баялаг оюуны бүтээлийг сурталчлах, эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхыг бүрдүүлэх болно гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө.
Хамтарсан сургууль анх удаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт явагдсан ба уг сургуулийн нэгдсэн буудлага болон хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

Хаалтын ёслолын ажиллагааг “Талын түнш-2026” хээрийн сургуулийн Монгол талын удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр, БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ү Юүн Жюнь нар илтгэлээр эхлүүлж, үргэлжлүүлэн хоёр талын хүндэт зочид энэхүү сургуулийн онцлог, ач холбогдол болон үр дүнгийн талаар үг хэлсэн юм.

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба хэлсэн үгэндээ “Уг сургууль нь хоёр орны харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэн, талуудын харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийллийг бүс нутаг, олон улсын тавцанд бататгаж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Хятадын найрамдалт харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн бодит алхам боллоо” хэмээн тодотголоо.

Хаалтын ёслолын ажиллагааны төгсгөлд хээрийн сургуульд амжилттай оролцож, өгөгдсөн үүргийг өндөр түвшинд гүйцэтгэсэн хоёр орны цэргийн алба хаагчдад Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шагналыг гардууллаа.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.08/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов.
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.
Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ.

