Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа

Огноо:

,

ЭХЗХ-оос Эрчим хүчний тухай хуулийн дагуу 2022 оны ажлын тайлан, төсвийн гүйцэтгэл, Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны дүнг төрийн захиргааны төв байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд танилцуулах хурлыг 2023 оны тавдугаар сарын 11-ний өдөр цахимаар зохион байгууллаа.

Хуралд тусгай зөвшөөрөл эзэмшигч /ТЗЭ/ компанийн нийт 170 гаруй төлөөлөл оролцож, салбарын асуудлыг хэлэлцлээ.  

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2022 онд 10.3 тэрбум кВт.ц болж өмнөх оноос 5.8 хувиар буюу 564.3 сая кВт.ц-аар нэмэгдсэн байна. Нийт хэрэглээний 79.1 хувийг буюу 8.18 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг дотоодын үйлдвэрлэлээр, 20.9 хувийг буюу 2.16 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг импортоор авч хангажээ. Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийн үйлдвэрлэлийн хэмжээ 748.9 сая кВт.ц болж дотоодын нийт үйлдвэрлэлийн 9.2 хувийг эзэлж байна. Дулааны эрчим хүчний үйлдвэрлэл өмнөх оноос 1.28 сая Гкал буюу 8.5  хувиар нэмэгдэж 16.3 сая Гкал болсон. 

          Өнгөрсөн өвөл төвийн эрчим хүчний системийн цахилгааны оргил ачаалал 1474 МВт-д хүрч, дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа, нөөц тоноглолгүй ажилласан. Улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой хөгжлийн суурь болсон эрчим хүчний хангамж, хүрэлцээ нь сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болоод байгаа билээ. 

Эрчим хүчний өртөг зардалд нөлөөлж буй бодит хүчин зүйлс буюу сэлбэг материал, түлш шатахууны үнийн өсөлт, валютын ханш, хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт зэргийг харгалзан 2022 онд эхний алхам болгож үнэ тарифыг инфляцад огцом нөлөө үзүүлэхгүй байдлаар зохицуулж, аж ахуйн нэгж, байгууллагын үнэ тарифыг хэрэглээтэй уялдуулан 28 хувиар нэмэгдүүлээд байна.

Ингэхдээ аж ахуй нэгжийн цахилгааны үнэ тарифыг шатлалтай нэмэгдүүлэх нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ачаалал хамгийн бага байхаар тооцсон юм. Тодруулбал, 5000 кВт.цаг хүртэл хэрэглээнд цахилгааны үнийг 14 хувиар, түүнээс давсан хэрэглээний үнийг 28 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Ингэснээр хэрэглэгчид хэрэглээгээ хянаж, эрчим хүчийг хэмнэлттэй зарцуулах зохицуулалтыг өөртөө хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. 

Эрчим хүчний салбарт томоохон чадлын эх үүсвэр баригдаж ашиглалтад орох хүртэлх хугацаанд буюу ойрын жилүүдэд эрчим хүчний хэмнэлтээр эх үүсвэрийн дутагдлыг нөхөх, хэмнэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж, үр дүнд хүрэх хэрэгцээ, шаардлага зүй ёсоор үүсээд байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос дээрх хүндрэлтэй асуудлыг даван туулах, эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангах, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхэд тулгамдаж буй асуудал, боломж, гарц, шийдлийг хэлэлцэх зорилгоор 2022 онд “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөнийг салбарын хэмжээнд зохион байгуулж хэмнэлтийн чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашдын чиглэлээ тодорхойлсон.

Улмаар “Хэрэгцээг удирдах” цогц арга хэмжээний санал, төлөвлөгөө боловсруулан Эрчим хүчний сайдаар батлуулж салбарын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх арга хэмжээний хүрээнд эрчим хүч хэмнэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, өвлийн оргил ачааллын цагуудад цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах зохицуулалтыг хэрэгжүүлэх, хэрэглэгч, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах замаар эрчим хүчийг хэмнэх дадал хэвшил бий болгох, хэрэглээний өсөлтийг хэмнэлтээр хангах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Цаашид ЭХЗХ-оос дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

  • “Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал”-д урамшуулалд суурилсан зохицуулалтын механизмыг тусгах,
  • Дулаан түгээх, хангах ТЗЭ-дийн дулааны тарифыг тухайн ТЗЭ-ийн ачаалал, хэрэглэгчийн тоо, хүчин чадал, шугам сүлжээ, тоног төхөөрөмж зэрэг холбогдох хүчин зүйлүүдээс хамааруулан тооцох тогтолцоог бүрдүүлэх,
  • Тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн ил тод, түргэн шуурхай хэрэгжүүлэх зорилгоор “E-license” цахим системийг бүрэн ашиглах,
  • Улаанбаатар хотод дулаан хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалыг зохицуулах Нэг худалдан авагчтай загварыг энэ оноос хэрэгжүүлж эхлээд байна.

         Эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг сайжруулах, эрчим хүчний хэмнэлтийг дээшлүүлэх зорилгоор айл өрхийн цахилгааны шатлан нэмэгдэх тарифын тогтолцоог бүрдүүлэх, ахуйн хэрэглэгчдэд цагийн ялгаварт 3 тарифын ангилал нэвтрүүлэх, дулааны тарифыг бүсчилсэн хэлбэрээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе14 цаг 55 минут

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад х...

Шударга мэдээ17 цаг 19 минут

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Цаг үе17 цаг 21 минут

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Улстөр нийгэм19 цаг 31 минут

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Улстөр нийгэм19 цаг 36 минут

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориг...

Цаг үе19 цаг 40 минут

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт ор...

Цаг үе19 цаг 42 минут

Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун...

Цаг үе19 цаг 46 минут

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Цаг үе2026/08/06

Улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь 13-аас...

Улстөр нийгэм2026/08/06

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Санал болгох