Шударга мэдээ
Мобайл банк үйлчилгээний аюулгүй байдлын зөвлөмж
Мобайл банк үйлчилгээ нь таны утасны дугаар дээр суулган ашиглах үйлчилгээ тул гар утсаа бусдад ашиглуулахгүй байх, зайлшгүй шаардлагаар утсаа ашиглуулсан бол аюулгүй байдлын хяналтаа хийж хэвших нь чухал.
- Гар утсаа хараа хяналтгүй орхихгүй байх, автоматаар түгжигдэх тохиргоог хийх (3 минут болон түүнээс бага хугацаанд түгжигддэг байвал тохиромжтой),
- Бусдад зөвшөөрөлгүйгээр ашиглагдахаас сэргийлэн хурууны хээ, нууцлал сайтай нууц үг, царай таних функцийг ашиглан аюулгүй байдлаа хангах,
- Сим картын аюулгүй байдлаа ханган аль болох таамаглахад хялбар пин код үүсгэхгүй байх, үүрэн телефоны байгууллагаас автоматаар үүсгэсэн энгийн тогтмол нууц үгийг заавал солих,
- Утасны дугаараа өөрийн эзэмшил нэр дээр байлгах ба хэн нэгэн таны сим картыг сэргээх боломж нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр хамгаалагдсан байх,
- Мобайл банканд нэвтрэх нууц үгээ утасны дугаар, төрсөн өдөр, хүүхдийн төрсөн өдөр гэх мэт хэт хялбар таамаглахад хялбар нууц үг үүсгэхгүй байх,
- Утасны дугаараа сольсон тохиолдолд харилцах банкандаа мэдэгдэж, бүртгэлтэй утасны дугаарын мэдээллээ шинэчлүүлэх,
Хэрэв та гар утсаа алдаж, гээгдүүлсэн тохиолдолд дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлээрэй,
- Өөрийн ашигладаг үүрэн телефоны компанидаа хандан сим картаа яаралтай хаалгах,
- Цахим банкны нэвтрэх нэр, нууц үгийг шинэчлэх,
- Харилцагч банкандаа хандан цахим банк, мобайл банк гэх мэт утсан дээр суурилсан цахим бүтээгдэхүүнээ хаалган санхүүгийн эрсдэлээс хамгаалаарай.
Цахим Аюулгүй байдал нь энгийн зүйлээс эхлэлтэй гэдгийг анхааран өдөр тутамдаа аюулгүй байдлаа хамгаалан хэвшээрэй.
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
