Шударга мэдээ
Хөгжлийн банк 500 сая ам.долларын “Ди Би Эм 2023” бондоос 99.7 сая ам.долларыг эргүүлэн худалдаж авлаа
Монгол Улсын Хөгжлийн банк 2018 онд нийт 500.0 сая ам.долларын дүнтэй, 7.25%-ийн хүүтэй “Евро” бонд буюу “Ди Би Эм 2023” бондыг Засгийн газрын баталгаагүй бие даан олон улсын зах зээлд гаргасан. Тус бонд нь Сингапурын Хөрөнгийн биржэд бүртгэлтэй бөгөөд олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг бонд юм.
Хөгжлийн банканд зохистой өрийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2022 оны 52 дугаар тогтоол, 2023 оны 3 дугаар тогтоолын дагуу “Ди Би Эм 2023” бондоос худалдан авч тухай бүр хэсэгчлэн хүчингүй болгох шийдвэр гаргасан билээ. Дээрх шийдвэрийн хүрээнд банк нь 2022 оны 10 дугаар сараас хойш тус бондыг хэсэгчлэн буцаан худалдан авах ажлыг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд банк нийт 99.7 сая ам.долларын нэрлэсэн дүнтэй бондыг хүчингүй болгосон. Ингэснээр “Ди Би Эм 2023” бондын үлдэгдэл 500 сая ам.доллароос эргэн төлөх дүн буурч 400.2 сая ам.доллар боллоо.
Хөгжлийн банк нь 100.0 ам.доллар нэрлэсэн үнэтэй “Ди Би Эм 2023” бондыг хугацаанаас нь өмнө 92.4 ам.долларын жигнэсэн дундаж үнэ дээр худалдан авснаар одоогийн эзэмшиж байгаа багцын хүрээнд нийт 13.8 сая ам.доллар хэмнэж байна. Тодруулбал, “Ди Би Эм 2023” бондын эргэн төлөлтийг хийх хугацаа буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл үндсэн дүнгээс 7.54 сая ам.доллар, хүүгийн зардлаас 6.34 сая ам.доллар хэмнэсэн үзүүлэлттэй байна.
Биржийн бус зах зээлд 75.0 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэв
Мөн Хөгжлийн банк нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолын дагуу биржийн бус зах зээлд хаалттай бонд гаргах замаар гадны хөрөнгө оруулагчдаас 75.0 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүллээ. Тодруулбал, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Лондон хотод бүртгэлтэй Мопане Секьюритистэй ХХК-тай гэрээ байгуулан, дээрх эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлсэн болно.
Гадаад валютын ханшийн эрсдэлгүй буюу төгрөгийн үнэт цаас арилжаалах замаар хөрөнгө оруулалт татсан нь Хөгжлийн банкны эх үүсвэрийг төрөлжүүлэх, гадаад валютын ханшийн эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлсэн юм.
Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн Банк
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
