Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа

Огноо:

,

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Төслийг эцсийн хэлэцлүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Засгийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг тогтоолын төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх хууль зүйн техникийн засваруудыг хийсэн байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллыг гүйцээн боловсруулах чиглэл өгч, Байнгын хороонд шилжүүлснийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураалт явуулсан байна. Тэдгээр саналын томьёолол тус бүрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, хэлэлцүүлгийн явцад тусгагдсан саналуудтай холбоотой хөрөнгө оруулалт, санхүүжилт нь төсөл дэх 2024 оны шинэ хөрөнгө оруулалтын дүнгээс давахуйц байгааг гэдгийг тодотгоод, энэ талаар тодруулсан. УИХ-ын гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд тусгасан, гэхдээ 2024 оны улсын төсвийн төслийг төлөвлөхдөө эдгээрийг эрэмбэлж, холбогдох шаардлагад нийцүүлэн төлөвлөнө гэдэг хариултыг Б.Баттөмөр гишүүн өгсөн. Мөн санхүүжилтийг нь эхлүүлж, он дамнан үргэлжилж байгаа зарим нэг төсөл төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд нэр заагдаагүй, үлдсэн байгааг Ж.Батжаргал гишүүн сануулж, тодорхой төслүүдийн талаар лавлав. Нэгэнт ажлыг эхлүүлсэн, санхүүжилтийг нь өмнөх онуудад төсөвлөөд, үргэлжилж байгаа төслүүдийг дуусгах зарчмыг Засгийн газар баримталж байгааг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлээд, тухайлан лавласан төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг холбогдох журам, шаардлагад нийцүүлэн боловсруулж, төлөвлөх талаар байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан зарлага, зардлын талаарх гишүүний асуулттай холбогдуулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хариулт, тайлбар өгсөн.

УИХ-ын гишүүн Э.Батшугар өргөн хэрэглээний хүнс, бараа, үйлчигээний инфляцыг хэрхэн бууруулах талаар, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг эргэлтэд оруулах, төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох талаар саналаа илэрхийлсэн. Тэрбээр, 2023 оны эхний 4 сарын инфляц болон үнийн өсөлт 11.3 хувь байсан бөгөөд үүнийн 42 хувь нь цэвэр хүнсний инфляц гэдгийг тодотгов. Энэ дунд махны үнэ өндөр байгаа нь их нөлөө үзүүлж байгааг тэмдэглэсэн. 70 сая малтай улс атлаа махны үнэ он гарснаас хойш 18 хувиар өссөн байгаа нь анхаарууштай асуудал болохыг сануулав. Хэдийгээр нөөцийн мах худалдаалж байгаа ч махны нийлүүлэлтийн “гинжин хэлхээ” алдагдаж байгаа тул нийлүүлэлтийн шинэ механизм бий болгох, махны бүсчилсэн сүлжээний зангилаа (hub) үүсгэх  саналыг хэлж байв.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, төсөл дэх ажлын байрыг нэмэгдүүлэх төлөвлөлт болон ядуурлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулав. Төсөлд өрхийн орлого болон ажлын байрыг нэмэгдүүлэх 8 тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан хэмээн ажлын хэсэг хариулав. Энэ онд 55.211 ажлын байрны захиалга бий болно хэмээн төлөвлөсөн байсныг дурдаад хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан холбогдолтой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд 2024 онд 60.000 ажлын байр бий болно гэдэг төлөвлөлт, тооцооллыг танилцуулсан юм.

Ийнхүү гишүүд УИХ-ын дээрх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэссэн юм. Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон УИХ-ын 41 гишүүний 73.2 хувь нь дэмжин, баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар, ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцдаа УИХ-ын гишүүдийн гаргасан саналуудыг анхаарах, түүнчлэн хувийн хэвшлээ дэмжиж, хамтран ажиллахад онцгой анхаарахыг чиглэл болгов. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох