Шударга мэдээ
“Шинэ Хархорум” хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний сонгон шалгаруулалтын шилдэг таван бүтээлийг тодруулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Шинэ Хархорум” хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үзэсгэлэнтэй танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжилсан их хаадын суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, дэлхий дахинд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм үүрэг гэдгийг онцоллоо.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д “2021-2030 онд Орхоны хөндийд шинэ хотын байршлыг тодорхойлж, Техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж заасныг дурдав.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын эртний төрт улсуудын ариун гал голомт болсон дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан гэдгийг тэмдэглэж, зарлигийн хэрэгжилтийг хангах хүрээнд цаашид ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Шинэ Хархорум хотыг өвөг дээдсийн байгуулсан төрт ёс, түүх, соёлын үнэт зүйлийг шингээсэн, тогтвортой хөгжлийг дэмжсэн, нүүдлийн болон суурин иргэншлийг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан, аялал жуулчлал, засаг захиргааны төв болсон эко, ухаалаг хот байхаар төлөвлөх учиртайг тодотголоо.
Энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь ихээхэн цаг хугацаа, төсөв хөрөнгө, хөдөлмөр, зүтгэл шаардах бөгөөд төр засаг, түмэн олноороо нэгдэн нийлж, нэгэн зорилгын төлөө тууштай зүтгэж чадвал Шинэ Хархорум хотоо сэргээн байгуулж чадна гэлээ.
Түүнчлэн “Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад бүтээлээ ирүүлж, Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнд идэвхтэй оролцож буй хот төлөвлөлтийн мэргэжилтэн, архитектор, инженер, эрдэмтэн, судлаачид болон шүүгчид, нийт зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд тэнцсэн 36 багийн бүтээлийг олон нийтэд танилцуулж, санал авах зорилгоор 07 дугаар сарын 28-ны өдөр нээсэн хот төлөвлөлтийн үзэсгэлэн өнөөдөр өндөрлөж, шилдэг таван багийн бүтээлийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эцэслэн шалгаруулна.
Сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд БНХАУ, ОХУ, Турк, Австрали, Итали, БНСУ, Их Британи, Казахстан, Польш, Болгар, Бруней, Мексик, Бангладеш, Сингапур, Индонез, Хорват, Серби зэрэг улсын 36 багийн бүтээл шалгараад байгаа юм.


Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
