Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб байгуулж утаа, түгжрэл, халдварт томуу зэрэг нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа асуудал бүрт шийдэл гаргахаар ажиллаж байна.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шуурхай штабын гишүүд өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.

Нийслэл Улаанбаатар хотоос түлшний чанарыг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээ, түлшний шилжилтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хагас коксон шахмал түлшний туршилт, судалгааны талаар ЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Насантогтох нар танилцууллаа.

Сайжруулсан шахмал түлшний технологийг шинэчлэх хүрээнд одоо ашиглаж байгаа мидлингийг ирэх гуравдугаар сарын 01-нээс хэрэглэхээ больж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжмалын үйлдвэрийн “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн сайжруулсан түлшинд шилжүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн хэрэглэж байгаа шахмал түлштэй “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн түлшийг харьцуулсан туршилтаар тоосонцор 33,7 хувь, хүхрийн давхар исэл 63,7 хувиар багасаж,  нүүрстөрөгчийн дутуу исэл 39 хувиар тус тус ихэссэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, шахмал түлшний барьцалдуулагчийг шинэчилж, шигшиж ангилсан түлшинд “грийн көүл” бүтээгдэхүүнийг нэмэлтээр хийж, түлшний чанарыг сайжруулна. Шахмал түлшний болон барьцалдуулагчийн стандартуудыг шинэчлэхээр ажиллаж буйгаа хотын дарга тайлбарлав.

Үүнээс гадна Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд ойрын үед Засгийн газар, УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эрх зүйн орчинтой болсноор гэр хорооллын 198 мянган яндан, 500 гаруй мянган автомашин, 2200 гаруй нам даралтын зуух, 174 уурын зуух, ДЦС зэрэг утаа үүсгэгч бүхэн рүү уг хуулийн зохицуулалт чиглэнэ. Хуулийг хэрэгжүүлснээр утаа гаргаж байгаа эх үүсвэр бүрийн 30 хувийг жил бүр хийн түлшинд шилжүүлэх, одоо үйлчилгээнд явж байгаа 1300 автобусыг хийн түлшинд шилжүүлэхээс гадна Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүсийг нийслэлд  тогтоох боломж бүрдэх аж.
Тусгай дэглэм бүхий бүсийг ногоон болон шар бүс гэж ангилж байгаа бөгөөд ногоон бүсэд стандартад нийцсэн шингэрүүлсэн хийн түлшинд /LNG, LPG/ айл өрхүүдийг шилжүүлнэ. Урьдчилсан зураглалаар энэ бүсэд 48,118 нэгж талбарын 50,189 өрхийн 202 мянга орчим иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна.
Ногоон буюу яндангүй бүсийг Нийслэлийн Засаг дарга тухай бүр шинэчлэн нэмэгдүүлнэ. Тус бүсэд стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид Евро 5-аас доош стандартын автобензин, дизель түлшийг худалдан борлуулахгүй байх зэрэг агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрүүдийн зохицуулалтуудыг бас тусгажээ.

Шар бүсэд 147 мянга гаруй өрхийг хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухаар хангах бөгөөд эхний ээлжийн 32 мянган зуухны тендерийг энэ сард зарлана. Цаашид нийт 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухаар хангах аж.
Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан, Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн “Нүүрс, химийн цогцолбор”-ийн Нүүрс-пиролизийн үйлдвэрийн “Хөх нүүрс” төслийн талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцууллаа. Нийт 190 сая ам.долларын санхүүжилтээр байгуулах тус үйлдвэрийн эхний хэсгийг энэ оны арванхоёрдугаар сард,  эцсийн байдлаар 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн утааг 60-80 хувиар бууруулах төдийгүй 100 Мвт-ын эрчим хүч үйлдвэрлэх тооцооллыг судлаачид хийсэн байна.
Жилд 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг томоохон уурын болон нам даралтын зуух, ДЦС-уудыг үе шаттайгаар хийн түлшинд шилжүүлэх ажлын явцын талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа танилцуулсан.

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн түлш үйлдвэрлэж байна. Шахмал түлшний стандарт хангалтгүй байгаа учраас эхний ээлжинд стандартыг шинэчилж батлуулах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд шахмал түлшний барьцалдуулагчийг импортоор болон дотоодоос нийлүүлдэг байсан. Гэвч дотоодынх нь чанар муу талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр тайлбарлав.  
Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарласан. Тэгэхээр Засгийн газар нийслэлд онцгой анхаарна. Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. Ковидын үе шиг бэлэн байдалд энэ штаб ажиллана. Бямба гариг бүр хуралдана. Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудал бүрийг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын ахалсан Шуурхай штаб ажиллана. Иргэд, аж ахуйн нэгжүүд ч үүнд оролцох ёстой. Утааг бууруулах тухайд сайжруулсан шахмал түлш, “0” давхаргын баяжмал, хагас коксон түлшний дараагийн буюу эцсийн шийдэл, хамгийн том шилжилт бол шингэрүүлсэн хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, Улаанбаатарыг утаагүй болгох явдал гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр онцлов.


 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох