Улстөр нийгэм
ЭЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов
Эхлээд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулсан юм.
Төсвийн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд танилцуулав. Төслүүдийг холбогдох хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан.
Улсын Их Хурлын даргын 2024 оны 338 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Б.Батбаатар, О.Батнайрамдал, Ж.Баярмаа, Ж.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Х.Ганхуяг, Б.Найдалаа, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Б.Уянга, Г.Уянгахишиг, Да.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижир, Б.Энхбаяр, С.Эрдэнэбат болон холбогдох бусад албан тушаалтан ажилласан байна. Ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулгыг нийцүүлж өөрчлөх найруулгын саналыг хэлэлцэн дэмжиж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн гэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн зүйл бүртэй холбогдуулан асуулт асууж, Н.Учрал сайдаас хариулт авсан. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд тухайн саналынхаа үндэслэлийг тайлбарлаж байв. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулсан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулсан юм. Төсвийн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулав.
Төслүүдийг холбогдох хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан. Улсын Их Хурлын даргын 2024 оны 338 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, О.Батнайрамдал Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Б.Батбаатар, Ж.Баярмаа, Ж.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Х.Ганхуяг, Б.Найдалаа, У.Отгонбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Б.Уянга, Г.Уянгахишиг, Да.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижир, Б.Энхбаяр, С.Эрдэнэбат болон холбогдох бусад албан тушаалтан ажиллажээ. Ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолыг төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 2, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулгыг нийцүүлж өөрчлөх найруулгын саналыг хэлэлцэн дэмжиж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн гэлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны гишүүн Н.Батсүмбэрэл олборлолтын дараах нөхөн сэргээлт болон хог хаягдлын менежмент, хяналт, мөн усны салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг тодруулж хариулт авсан. Л.Соронзонболд гишүүн ашигт малтмалын 14 хүртэлх хувийн суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ-ын талаар зохицуулалтын талаар, мөн төслийн хавсралт дахь тооцоололтой холбоотой тодруулга хийж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй тайлбар авав. Түүнчлэн М.Бадамсүрэн, Г.Уянгахишиг төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар мэдээлэл авсан юм. Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэсэн болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Улсын Их Хурлын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Алтаншагай, Д.Батбаяр, Р.Батболд, О.Номинчимэг, М.Энхцэцэг нар ажиллаж байгаа гэв. Хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд зохих журмын дагуу өргөн мэдүүлэхийг ажлын хэсэгт даалгасан юм.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ ерөнхий мэдээллээ танилцуулаад, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн талаар Шадар сайд Т.Доржхандаас тодруулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанд оролцох ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс мөн нэмэлтээр тодруулга хийхээр төлөвлөөд буйгаа танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг асуулт асууж, хариулт авав.
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг захиргааны эрх зүйн асуудал болгон, улмаар хэрэглэгч эрх ашгаа хамгаалах бололцоогүй болгож байгааг тэрбээр шүүмжлээд, иргэний хууль тогтоомж болон бусад хууль тогтоомж дахь гэрээний харилцааг оновчтой зохицуулах, гэрээний нөхцөлүүдийг эрх зүйн орчинд тодорхой болгох шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах, бусад хууль тогтоомжтой болон олон улсын жишигт нийцүүлэх шаардлага бий гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний явцад иргэн хохирсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг гэрээний харилцааны асуудлыг хууль тогтоомжид оновчтой зохицуулах, зар сурталчилгаа хийх тохиолдолд мөрдөх зөвлөмж, энэ нь холбогдох хууль тогтоомждоо тусаж буй эсэхийг тодруулав. Мөн хэрэглэгчийн эрх ашигтай холбоотой шүүхийн шийдвэрүүдийн талаар лавлаж, ажлын хэсгээс хариулт авсан юм.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дараа нь Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлт болон тэргүүлэх ач холбогдол бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөр, тэдгээрийн хөрөнгө оруулалт, хэрэгжилт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн харилцаанд 2025 он нэн чухал үүрэгтэй гэдгийг онцлон тодотгоод, Үндсэн хуулийнхаа хүрээнд улсынхаа хөгжлийн бодлогыг тодорхойлох ёстой гэв. Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх, ягштал мөрдөх нь эдийн засаг, хөгжлийн хамгийн том бодлого хэмээгээд бүх түвшиндээ хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарч ажиллах нь улс орныг хөгжилд хөтлөх болно гэв. Үүнээс засаглалын асуудал ургах бөгөөд засаглалын нээлттэй, ил тод байдлыг хангаж буй эсэх, парламентын засаглалыг бэхжүүлж чадах эсэхээс хөгжлийн бодлого тодорхой харагдана хэмээн тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
Түүнчлэн хөгжлийн бодлого нь тогтвортой байдалтай салшгүй холбоотойг тодотгон тайлбарлаад, үргэлжлүүлэн эдийн засгийн эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээрх бодлого, зорилтыг онцлоод Эдийн засаг, хөгжлийн яам дээрх гурван зүйлээр Монгол Улсын хөгжлийг томьёолж, хөгжлийн хөтөлбөр, бодлого, зорилтууддаа тусган ажиллаж байгаа гэв. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацаанд Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр байгаа бол богино хугацаанд Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлэхээр тус тус заасан талаар Л.Гантөмөр сайд мэдээлсэн. Дээрх баримт бичгүүдийн хүрээнд нэн тэргүүнд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, шинжлэх ухаанчаар хөгжих, урт хугацаандаа нээлттэй, чөлөөт эдийн засгаараа тэргүүлэгч улс болох бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа танилцуулсан.
Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын суурь баримт бичиг нь “Шинэ сэргэлтийн бодлого”-д суурилсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болохыг Л.Гантөмөр сайд дурдаад, эрчим хүчний реформ хийж эрчим хүч үйлдвэрлэх, улмаар үйлдвэрлэл хөгжүүлэх зорилтын хүрээнд гол бодлогуудаа төлөвлөсөн гэв.
Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хамгаалах, хөгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эдийн засгийг солонгоруулах зорилгоор авч хэрэгжүүлэх бодлого, эдийн засгийн орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зорилт, 14 мега төслийн зорилго, ач холбогдол, хууль эрх зүйн орчин болон түүнийг сайжруулах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан. Мөн тэрбээр эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөлтийн талаар, үүн дээр парламентын түвшинд хэрхэн хамтрах боломжтойг тайлбарлаж, энэ онд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх зорилт, түүнд хүрэх арга замын талаар мэдээлэл танилцууллаа.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Г.Лувсанжамц, М.Мандхай, О.Батнайрамдал, П.Батчимэг, М.Энхцэцэг, Р.Сэддорж нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс хариулт авсан.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн санхүү, төсөв, татвар, гааль, хөрөнгө оруулалт, даатгалын бодлогын хэрэгжилт, гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гадаад, дотоод өрийн хэмжээ, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон. Энэ талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат танилцууллаа.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн талаар дурдаад, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний тэргүүлэх чиглэл, зорилт болон макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг 2023, 2024 оны гүйцэтгэл, энэ оны төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Үргэлжлүүлэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, экспортыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилт, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар товч мэдээлэл өгсөн юм. 2024 онд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 22.4 сая.тонн нүүрс, 2.4 сая.тонн төмрийн хүдэр болон баяжмал, 17.6 мян.тонн жонш, 5.4 мян.тонн зэсийн баяжмал тус тус арилжаалжээ. Үргэлжлүүлэн хөрөнгө оруулагчдад дэмжлэг үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, хамгаалах цогц механизмыг бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааг эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулав. Энэ хүрээнд татварын бодлогоор хөрөнгө оруулалтыг дэмжих цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд хувьцаа, үнэт цаас борлуулсны орлогод ногдох орлогын албан татварыг 2027 он хүртэл 90 хувь, 2029 он хүртэл 50 хувь тус тус хөнгөлж байгаа гэлээ. Түүнчлэн нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг дотоодод 10 хувь, гадаадад 20 хувь байсныг нийтлэг 5 хувь болгож бууруулсан байна. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг орлогын албан татвараас чөлөөлжээ. Гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд хөнгөлдөг зохицуулалтыг 5 жил болгон нэмэгдүүлсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар, аймаг, нийслэл, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулахад гадаад, дотоодын хөрөнгө оруулагч ижил нөхцөлөөр холбогдох зардлыг хасаж тооцох боломжийг нээсэн аж. Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх цогц бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдын татварын харилцааг хялбаршуулж, тайлан гаргах үүргээс чөлөөлж, хувьцаа, өрийн хэрэгсэл, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг нэгдсэн журмаар суутган тооцож, төсөвт төлдөг болжээ.
Үргэлжлүүлэн Ж.Ганбат дарга хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн үр дүнгийн талаар мэдээлэл танилцууллаа. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнийг дагаж өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Компанийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал баталсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хуулийг баталсан бөгөөд энэ дагуу Үндэсний баялгийн сан нь Ирээдүй өв сан, Хуримтлалын сан, хөгжлийн сангаас бүрдэхээр зохицуулалтыг хийж, хэрэгжүүлж эхэлсэн байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр эрчим хүчний салбарт шинэчлэлт хийх шилжилтийн үеийн зардал 131.1 тэрбум төгрөгийг 2024 онд төсвийн тодотголоор шийдвэрлэсэн гэлээ. Тухайн оны батлагдсан санхүүжилтийг бүрэн олгосон бөгөөд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг Ж.Ганбат дарга нэгбүрчлэн танилцуулав.
Урт хугацааны даатгалын үйл ажиллагааны хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байгаа гэв. Төслөөр даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг малын хорогдолтой уялдуулж уян хатан тогтоох, даатгалын нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд нэг удаа хэсэгчлэн урьдчилан олгох болон Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулж, 2025 оны эхний хагас жилд багтаан өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн даатгалын үйл ажиллагааг цахимжуулах, даатгалын үнэлгээ, хураамж тооцох, итгэлцүүр хэрэглэх аргачлалыг шинэчлэх, албан журмын даатгагчдын холбоог өөрчлөн зохион байгуулах зэрэг шинэлэг зохицуулалтуудыг тусган боловсруулаад байна.
Тэргүүлэх чиглэлийн гуравдугаарт “Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна” хэмээсэн байдаг бөгөөд гол зорилт нь бол нийгмийн хамгааллын салбарт нийгмийн даатгалын оновчтой тогтолцоог бий болгож, төрийн албан хаагчийн цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх, нийгмийн зорилтот бүлгийг зөв тодорхойлж, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдсэн гэв. Хот тохижилтын ажилчдын цалин 20 хувь, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн байна. Орон нутгийн нэмэгдэл олгож байгаа гэлээ. Суманд ажиллаж байгаа бол сар бүр үндсэн цалингийн 40 хувийн, аймгийн төвийн сум, нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа бол сар бүрийн үндсэн цалин дээр нь 20 хувийн нэмэгдэл олгож байгаа аж. Үргэлжлүүлэн Ж.Ганбат дарга тэтгэмжүүдийн нэмэгдлийн талаар танилцууллаа. Нийгмийн халамжийн тэтгэврийг 15 хувиар, асаргааны тэтгэмжийг 10 хувиар, амьжиргаа дэмжих тэтгэмжийг 15 хувиар нэмэгдүүлсэн байна. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өвчлөлт нас баралтыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 3.1 их наяд төгрөг зарцуулсан байна.
Дараагийн тэргүүлэх салбар болох хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд хүнсний хангамж хүн амын хүнсний хэрэгцээний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, импортын хамаарлаа бууруулж нийлүүлэлтийн сүлжээ аюулгүй байдлыг хангана хэмээн зорилт тавьсан юм. Энэ хүрээнд НӨАТ-аас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих тоног төхөөрөмж, бордоог чөлөөлсөн байна. Мөн хүн амын зайлшгүй хэрэгцээний мах, сүү, хүнсний ногоо, жимс зэрэг 28 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг, эрүүл мэнд, боловсрол зэрэг 19 нийтийн үйлчилгээг мөн чөлөөлөх арга хэмжээг авчээ. Ж.Ганбат дарга үргэлжлүүлэн засаглалын үзүүлэлтийг сайжруулах, ногоон хөгжлийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, тэдгээрийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн Монгол Улсын 2024 оны төсөв, урьдчилсан гүйцэтгэл, Засгийн газрын өрийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн санхүү, төсөв, татвар, гааль, хөрөнгө оруулалт, даатгалын бодлогын хэрэгжилт, гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гадаад, дотоод өрийн хэмжээ, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх дээрх мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, хариулт авснаар хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Цаг үе2022/05/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
-
Үзэл бодол2019/10/31
"XXI зуун-Хавдаргүй Монгол" 1000 гэр бүлийн зөвлөгөөнөөс гаргасан зөвл...
-
Улстөр нийгэм2025/05/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэ...
-
Улстөр нийгэм2021/02/19
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна
