Улстөр нийгэм
"Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болов
Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Засгийн газартай хамтран “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд “Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Төрийн ордонд болов.
Хэлэлцлүүлэгт Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Д.Ганмаа, Х.Баасанжаргал, О.Саранчулуун болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, салбарын эрдэмтэн, судлаачид зэрэг нийт 150 хүн оролцлоо.
Улсын Их Хурлын гишүүн, Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын хэмжээнд 6700 стандарт мөрдөгдөж байгаагийн 44 хувь нь олон улсын жишигт нийцсэн, үлдсэн 56 хувийг нь шинэчлэх, сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Мөн энэ удаагийн хэлэлцүүлгээр хүнсний салбарын стандартын хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлыг хөндөхдөө гарц, шийдлийг нь илүүтэй ярьж, хууль эрх зүйн орчноо хамтдаа сайжруулахад анхаарч, оновчтой санал хэлж, ажил хэрэгчээр хандахыг оролцогчдоос хүслээ.
Хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд салбарын яам, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд чиг үүргийнхээ хүрээнд гүйцэтгэж буй үйл ажиллагааны талаар илтгэлт тавьсан. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Батшагай “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдвээр тавьсан илтгэлдээ, газар тариалан, мал аж ахуй, хүнсний салбарын хууль болон, салбарт мөрдөгдөж буй стандартын талаар танилцуулсан.
Тус салбарт мөрдөгдөж буй стандартын хэрэгжилттэй доорх зургаас танилцана уу.
Мөн тус илтгэлд хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоолны тоног төхөөрөмж сав хэрэгслийн хийц, чанар, аюулгүй байдалд тавигдах шаардлагын (төрөл бүрийн ган төмөр хөнгөн цагаан, никель савны марк, төрөл болон хуванцарын төрлийг тодорхой тусгасан стандартыг батлах) стандарт боловсруулах, хөлдөөсөн, хагас боловсруулсан бүтээгдэхүүний чанар, аюулгүйн үзүүлэлтийг тусгасан стандарт боловсруулж, батлах шаардлагатай байгааг дурдсан. Түүнчлэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд вирусны шинжилгээ хийх, шинжилгээний аргачлалын стандарт боловсруулж батлах, тропик субтропикийн бүсэд тариалдаг жимс жимсгэнэ болох гадил, алим, лийр, жүрж, гоо жүрж, хан боргоцой болон хүнсний ногооны ерөнхий шаардлагын стандартуудыг орчуулж нутагшуулах, худалдааны чиглэлээр бөөний худалдааны газар түүний үйлчилгээ, цахим болон шууд худалдаа, зах, худалдааны төв, хүүхдийн дэлгүүр, төрөлжсөн дэлгүүр, агуулах дэлгүүрийн стандарт, тавих шаардлагыг батлах, хүнсний сүлжээнд ул мөрийг мөшгих тогтолцоог цахимжуулах эрх зүйн болон техникийн нөхцөлийг бүрдүүлэх саналыг дэвшүүлсэн байлаа.
Дараа нь Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар “Хүнсний салбарын стандарт-бодлого, үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавив. Уг илтгэлд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнд 658 стандарт байгаагаас 256 буюу 38.9 хувь нь олон улсын түвшинд хүрснийг дурджээ.
Хүнсний салбарын 683 стандартад үзлэг хийхэд шинээр боловсруулах шаардлагатай 30, шинэчлэх шаардлагатай 153, хүчингүйд тооцох 50, хэвээр үлдээх 480 байгааг С.Батбаатар дарга тодотгоод 2024 оны байдлаар шинээр боловсруулсан 9, шинэчлэн баталсан 10 буюу нийт 19 стандартыг баталсан. Энэ онд нийт 20 стандартыг батлахаар төлөвлөсөн гэж байлаа.
Харин Монгол Улсын хэмжээнд нийт 15 техникийн зохицуулалт мөрдөгдөж байгаагийн дөрөв нь хүнсний салбарт хамаардаг аж. Тодруулбал, согтууруулах ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, худалдаа, бялууны төрлийн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа техникийн зохицуулалттай байдаг аж.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга илтгэлдээ, цаашид мэргэжлийн байгууллага, лабораториудын хүний нөөцийн чадавх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг цогцоор нь шийдэх, стандартын судалгаа шинжилгээний төв байгуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, кодексийн үндэсний хорооны үйл ажиллагааг бэхжүүлэх, хүнсний аюулгүй байдлын үйл ажиллагаанд оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн.
Үргэлжлүүлэн Мал эмнэлгийн ерөнхий газрын Хяналт, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх “Мал эмнэлгийн салбарын хяналт, стандартын хэрэгжилт цаашид хэрэгжүүлэх асуудал” сэдвээр илтгэл тавилаа. Мал эмнэлгийн хяналтын хүрээнд 2023 онд 210 зөрчилд 62.96 сая төгрөгийн торгууль ноогдуулсан бол, 2024 онд 391 зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяалах прокурорын байгуулагад хянуулан 176.273.200 төгрөгийн торгууль ноогдуулж барагдуулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс бараг гурав дахин өссөн үзүүлэлттэй байгааг илтгэлд дурдсан байв.
Тус илтгэлд улсын хэмжээнд 21 аймаг болон нийслэлийн 933 ерөнхий тусламж үйлчилгээний нэгж стандартын хэрэгжилтийн үзлэгт хамрагдсан бөгөөд эрсдэлийн түвшингээрээ бага эрсдэлтэй 454, дунд эрсдэлтэй 435, их эрсдэлтэй 44 байсан бол 34 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг зогсоосон гэсэн байлаа.
Мал эмнэлгийн лабораторийн сүлжээнд төрийн нийт 25 лаборатори харьяалагддаг байна. Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторит шалгагдаж буй эм, бэлдмэлийн төрлийг доорх зурагнаас харна уу.
Цаашид Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгуулагад 2025 онд үхрийн тархи сархиагтах, шүлхийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2023 онд бог малын мялзан өвчингүй тайван болох, Монгол Улсад ямааны годрон, үхрийн сүрьеэ өвчингүй, тайван болохыг тус тус баталгаажуулах, нийслэл болон томоохон суурин газрын орчмын мал сүргийг зооноз өвчнөөс эрүүлийг баталгаажуулах, зарлах, хил орчмын мал эмнэлгийн хамгаалагдсан эрүүл бүс байгуулж, хөрш оронд мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилтыг Мал эмнэлгийн ерөнхий газраас тавьж буйг илтгэлд дурджээ.
Хэлэлцүүлэг Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандахын “Хүнсний үйлдвэрийн салбарын стандарт үйлдвэрт хэрхэн нийцэж буй асуудал” сэдэвт илтгэлээр үргэлжилэв. Уг илтгэлд хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний стандарт хэт хуучирсан, шинэчлэн боловсруулах шаардлагатайн зэрэгцээ шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, стандарт боловсруулахад лабораторийн иж бүрэн шинжилгээ хийж чадахгүй байгааг дурджээ. Мөн стандарт боловсруулах зардал төсөвт тавигддаггүй, шинээр стандарт боловсруулж, батлуулах үйл явц хэт удаан, хүндрэлтэй, хүнсний бүтээгдэхүүнд стандартын шаардлагын дагуу лабораторийн шинжилгээ хийж чанар, аюулгүй байдлыг бүрэн хянах боломжгүй, хүнсний бүтээгдэхүүний стандартын хэрэгжилтийг хангуулах хөндлөнгийн хяналтын байгууллага, улсын байцаагч тодорхойгүй байгааг М.Нармандах илтгэлдээ онцлов.
Дараа нь Гаалийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын Хорио цээрийн хэлтсийн дарга Г.Батмөнх “Импортын хүнсний бүтээгдэхүүний хяналт, стандартын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэлээ танилцуулсан. Тэрбээр, гаалийн хилээр нэвтрүүлж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлтэд нийт 500 гаруй стандарт, техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг дурдаад Монгол Улсын Шадар сайдын 2022 оны 30 дугаар тушаалаар хүнсний салбарын стандартыг боловсронгуй болгох чиглэлийн дагуу хилээр нэвтрэхэд хэрэглэгддэг стандартын жагсаалтыг гаргаж, мөн стандартуудыг судлан, хянаж, шинэчлэн боловсруулахаар 122 стандартад саналаа өгсөн хэмээв. Мөн “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 12.3 дахь заалтад “олон улс, бүс нутаг гадаад орны дэвшилтэт стандартыг бүртгүүлэн” хэрэглэж болно гэсэн заалтын дагуу хэрэглэж байх хугацаандаа үндэсний стандарт болгон боловсруулах боломж байдаг талаар импортлогчдод арга зүйн зөвөлгөө өгч ажиллаж байна гэв.
Тус илтгэлд Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх шаардлагыг хэрэгжүүлэх хүрээнд гаалийн мэдүүлэгт хугацааг заавал бичүүлэх “талбар”-ыг бий болгон, хяналт шалгалтыг гүйцэтгэж байна. 2024 онд лабораторийн шинжилгээнд хамруулсан мэдээг нэгтгэхэд нийт 6591.0 мянган тонн бараа бүтээгдэхүүнээс 25538 удаа 84.0 мянган килограмм бараа, бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулсан байна. Нийт шинжилгээнд хамрагдсан бараа, бүтээгдэхүүнээс 130535 үзүүлэлт буюу 99.9 хувь шаардлага хангаж, 234 үзүүлэлт буюу 0.1 хувь нь шаардлага хангахгүй дүнтэй гарсныг онцлон тэмдэглэв.
Тус илтгэлд гаалийн байгууллага эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт явуулахад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийт 9 хуулийн 24 заалтыг засах, “Хүнсний сүлжээн дэх тээвэрлэлтийн ерөнхий шаардлага” стандартыг боловсруулж, мөрдүүлэх шаардлагатайг дурдахын зэрэгцээ хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг чанар, аюулгүй байдлын шинжилгээнд хамруулахад ажлын 14 хоногт шинжилгээний дүн гарч байгаа нь хүндрэл учруулж байгааг дурдсан байв. Мөн хүнсний хяналтын үйл ажиллагааг үр дүнтэй болгохын тулд салбар хоорондын үйл ажиллагааг тодорхой болгох, хүнсний сүлжээн дэх хяналт тавих байгууллага, хяналтын чиглэл, чиг үүргийг тодорхой болгоогүйгээс хяналтын болон бодлогын уялдаа холбоо хангагдахгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдаж байна гэсэн байлаа.
Хэлэлцүүлэг Үндэсний итгэмжлэлийн төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн З.Мөнхбатын “Хүнсний тохирлын үнэлгээний итгэмжлэл, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдэл”, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Нандин-Эрдэнийн “Хүнсний аюулгүй байдал ба стандартын хэрэгжилт” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн.
Дээрх илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид малын мах, сүүн бүтээгдэхүүнд антибиотекийн үлдэгдэл, бичил биетний тэсвэржилтийн талаарх тандалт судалгааг өргөн хүрээнд хийж буй талаар, хүнс, ялангуяа хүүхдийн хоол тэжээлийн бүтээгдэхүүний аюулгүй байдалд чиглэсэн хяналтыг хэрэгжүүлж буй эсэхийг илүүтэй тодруулж байлаа. Мөн цаашид хэвлэл мэдээлэл, цахим орчинд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүнийг сурталчилахыг хориглох асуудалд хяналт тавьдаг болох, хүнсний аюулгүй байдлын лавлагаа, лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, энэ хүрээнд хувийн хэвшлийн лабораториудын үйл ажиллагааг дэмжих, мөрдөгдөж буй стандартууд хуучирсан нь шинэ тутам сайжруулж, хөгжүүлж буй бүтээгдэхүүнтэй нийцэхгүйгээс хяналт шалгалтаар сөрөг үнэлгээнд тооцогддог байдлыг яаралтай засаж залруулах, зөвхөн төр бус хүнсний салбарын мэргэжлийн холбоодууд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандартыг шинэчлэх чиглэлд илүү идэвхтэй оролцох шаардлагатай талаар санал хэлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
