Шударга мэдээ
Төрийн банк тогтвортой хөгжлийн тайлангаа гурав дахь жилдээ олон нийтэд нээлттэй танилцууллаа
Монгол Улсын санхүүгийн салбарын тэргүүлэгч банкуудын нэг болох Төрийн банк нь тогтвортой хөгжлийг дэмжих бодлого, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор 2024 оны тогтвортой хөгжлийн тайлангаа танилцууллаа.
Энэ нь Төрийн банкны хувьд дараалан хүргэж буй гурав дахь удаагийн тайлан бөгөөд харилцагчид, хамтрагч байгууллагууд болон иргэдэд банкны нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны өмнө хүлээж буй хариуцлагаа хэрхэн биелүүлж байгааг илэрхийлсэн чухал баримт бичиг юм.
Төрийн банк 2024 онд тогтвортой хөгжлийн чиглэлээр хэд хэдэн томоохон үйл ажиллагааг хэрэгжүүллээ. Тухайлбал, Санхүүгийн тайлагналын олон улсын шинэ стандартууд болох S1 тогтвортой байдлын тайлагнал, S2 уур амьсгалын тайлагналыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор олон улсын аудитын Эрнст энд Янг байгууллагын тогтвортой байдал хариуцсан багаас зөвлөх үйлчилгээ авч, тайлагнал хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хангахынзэрэгцээ материаллаг байдлын шинжилгээг гүйцэтгэж, замын зургаа боловсрууллаа.
Мөн бид дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж явцын тайлан (Communication on Progress)-г анх удаа боловсруулан НҮБ болон олон нийтэд хүргэж ажиллалаа. PCAF буюу нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн түншлэл олон улсын байгууллагын гишүүн болсноор ажилтнуудаа сургаж, дотоод нөөц бололцоогоо ашиглан олон улсын аргачлалын дагуу банкны хүлэмжийн хийн ялгарлыг тооцож, тайлагналаа.
Мөн бид гадаад зах зээлд ногоон бонд гаргах ажлын хүрээнд MUFG олон улсын байгууллагаар Тогтвортой санхүүжилтийн хүрээг тодорхойлуулан, S&P Global байгууллагаар хөндлөнгийн үнэлгээг хийлгэсэн нь олон улсын зах зээл дээр ногоон бонд гаргах эхлэлийг тавилаа.
Тайлант онд Засгийн газраас Төрийн банкийг Ногоон хөгжлийг дэмжигч банк болгон зарласантай холбогдуулан Ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх зорилго бүхий “Ногоон ирээдүй” бондыг биржийн бус зах зээлд анх удаа амжилттай гаргалаа.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд Малчны ногоон зээл болон оюуны хөрөнгө оруулалтын зээлийн шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлж, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Тогтвортой хөгжил ногоон ирээдүй” өдөрлөг, Гялс цэвэрлэгээ болон Модыг Мода болгоё зэрэг аяны үр дүнгийн талаар тайлагналаа. Мөн банк “Ногоон оффис”ын хүрээнд банкны албан хэрэгцээнд цахилгаан автомашин, ажилчдын автобусыг өдөр тутмыг хэрэглээндээ ашиглан нэвтрүүлж ажиллалаа.
Энэхүү тайлан нь зөвхөн банкны дотоод үйл ажиллагааг тайлагнахаас гадна харилцагчид, хөрөнгө оруулагчид болон олон нийтэд банкны урт хугацааны стратегийн чиглэл, үнэт зүйлсийг ойлгуулахад чиглэж буй юм. Цаашид Төрийн банк нь тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурлан инноваци, нийгмийн хариуцлага, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн ажиллах болно.
Та бүхэн Төрийн банкны 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлантай ЭНД дарж танилцана уу.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
