Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нар уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явж байна.
Энэ удаагийн уулзалт нь хоёр улсын Төрийн тэргүүний тав дахь удаагийн уулзалт юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд “…БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ний тархалт гарч, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийлж, монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор энэ удаад хүрэлцэн ирлээ хэмээн найрсгаар яриа дэлгэн мэндчиллээ.
Мөн эрхэмсэг ноён Ши Жиньпинээр удирдуулсан БНХАУ-ын ард түмэн коронавирусний тархалтыг удахгүй ялан дийлж, цаг зуурын бэрхшээл сорилтыг давж чадна…” гээд БНХАУ-ын шинжлэх ухаанд суурилсан тэмцэл, хичээл зүтгэлийн хүчээр цар тахлыг ялан дийлэх нь дэлхий нийтэд ч тустай үйл болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн БНХАУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг (4709,6 км) хөрш орны хувьд коронавирусний асуудалд Монголын ард түмэн ч санаа зовж байгаа бөгөөд цаг үеийн байдалтай холбогдуулан хоёр орны хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэдий ч коронавирусний тархалт буурсны дараа иргэдийн зорчих хөдөлгөөн хэвийн болж, худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагаа удам сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Мөн цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юм гээд БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүслээ.

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Мөн халдварт өвчин гарснаас хойш БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд коронавирусний асуудал нь ганцхан улсын асуудал биш тул хамтран ажиллах нь зүйтэй гээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
БНХАУ-д коронавирусний халдвар гарч, Хятад улс даяар өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт болсон энэ уулзалт нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшиндээ хүрснийг нотолж, хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан явдал боллоо хэмээн талууд уулзалтын төгсгөлд дүгнэв.
Уулзалтад, Монголын талаас айлчлалын бүрэлдэхүүнд багтаж буй албан ёсны төлөөлөгчид, Хятадын талаас ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн хорооны Тамгын газрын дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Улсын хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Хө Лифөн, Худалдааны сайд Жун Шань, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй нарын төлөөлөгчид оролцов.
Уулзалт халуун дотно, найрсаг болж өндөрлөлөө.
Улстөр нийгэм
“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө.
Хамтарсан сургууль анх удаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт явагдсан ба уг сургуулийн нэгдсэн буудлага болон хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

Хаалтын ёслолын ажиллагааг “Талын түнш-2026” хээрийн сургуулийн Монгол талын удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр, БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ү Юүн Жюнь нар илтгэлээр эхлүүлж, үргэлжлүүлэн хоёр талын хүндэт зочид энэхүү сургуулийн онцлог, ач холбогдол болон үр дүнгийн талаар үг хэлсэн юм.

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба хэлсэн үгэндээ “Уг сургууль нь хоёр орны харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэн, талуудын харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийллийг бүс нутаг, олон улсын тавцанд бататгаж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Хятадын найрамдалт харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн бодит алхам боллоо” хэмээн тодотголоо.

Хаалтын ёслолын ажиллагааны төгсгөлд хээрийн сургуульд амжилттай оролцож, өгөгдсөн үүргийг өндөр түвшинд гүйцэтгэсэн хоёр орны цэргийн алба хаагчдад Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шагналыг гардууллаа.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.08/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов.
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.
Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ.

