Шударга мэдээ
Нийслэлийн хэмжээнд хорио арга хэмжээ 04 сарын 30 хүртэл үргэлжилнэ
Шинэ коронавирусний халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар дамжуулан цахимаар мэдээлэл хүргэлээ.
Иргэдийн хайхрамжгүй байдал, хөл хорионы заавар зөвлөгөөг дагаж, мөрдөөгүйгээс дэлхийн хотуудад өвчлөл эрс нэмэгдэж байна гэж үзэж байгаа тул иргэд цаашид назгайрч, анхаарлаа сулруулж болохгүй, дэглэмээ үргэлжлүүлэн хатуу сахих шаардлагатайг Хотын захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ эхэнд онцгойлон анхаарууллаа.
Нийслэлийн хэмжээнд 8,000 гаруй цагдаа, 2,445 олон нийтийн цагдаа, 1,992 эргүүлийн ажилтан болон нэмэлтээр 3,824 хүн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дэлхий нийтэд тархаад буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамж болон 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийн үйлчлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгааг тэрээр албан ёсоор мэдэгдлээ. Харин гэр бүлийн хэмжээнд ууланд алхах, цэвэр агаарт гарахыг зөвшөөрөх бөгөөд ингэхдээ иргэд олноороо цуглахгүй, хоорондоо ойр явахгүй, орчныг бохирдуулахгүй, хог, нус шүлсээ ил задгай хаяхыг хориглох аж. Халдвар тархалт улс орнуудад буурахгүй байгаа бөгөөд Азийн орнуудад дахин дэгдэх өндөр эрсдэлтэй тул Монгол Улс хоёр дахь давлагаанд бэлэн байх үүднээс өмнөх арга хэмжээг ийнхүү үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.
Мөн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд орон гэргүй 382 иргэдийг бүртгэлжүүлж, 144 иргэнийг ар гэрт нь хүлээлгэж өгч үлдсэн иргэдийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа Нийгмийн хамгааллын тусгай төвд байршуулсан байна. Эдгээр иргэдэд өдөр бүр эрүүл мэндийн үзлэг хийж, сургалтад хамруулаад байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Коронавирусний халдварын тархалт эрчимтэй тархаж байгаа энэ үед Монгол Улсад тус вирус нь дотооддоо гараагүй гээд назгайрч болохгүй, эрүүл мэндийн байгууллагын гаргаж буй зөвлөгөөг хатуу чанд мөрдөх ёстой. Улаанбаатар хотын иргэд оршин суугчдын эрүүл мэнд, амь нас аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг ойлгож хамтарч ажиллахыг хүсэж байна. Цаг агаар дулаарч, орчны бохирдол нэмэгдэхээс гадна зэрлэг ан амьтан, нүүдлийн шувуудаар дамжин халдвар гарах эрсдэлтэй тул хүүхдүүдээ гадуур явуулахгүй, анхаарал сэрэмжээ сулруулахгүй байх шаардлагатай” гэв.
Шударга мэдээ
Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна
Нийслэл Улаанбаатар хот нь уулсаар хүрээлэгдсэн газарзүйн онцлогтой тул богино хугацаанд орсон ширүүн аадар борооны улмаас уулын ам, гуу жалга дагуу уруйн үер буух өндөр эрсдэлтэй байдаг. Ийм төрлийн үер нь ихэвчлэн ердөө 20-30 минутын дотор үүсэж, хүчтэй урсан өнгөрдөг бөгөөд урсгалын хүч нь хүн төдийгүй автомашин, гэр сууц, чанар муутай барилга байгууламжийг ч эвдэн сүйтгэх аюултай.
Иймд иргэд:
- Цаг агаарын урьдчилсан мэдээ, онцгой байдлын сэрэмжлүүлгийг тогтмол хянах
- Аадар бороо орох үед уулын ам, голын сайр, гуу жалга, нам дор газраар зорчихгүй байх
- Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Болзошгүй эрсдэлтэй бүсээс урьдчилан холдож, аюулгүй байршилд байрлах
- Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тусгай зориулалтын өндөр даралтын усны болон сорох төхөөрөмж бүхий машин механизмуудыг ашиглан шугам хоолойг угааж, буудуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Ингэснээр борооны усны урсцыг чөлөөтэй нэвтрүүлэх, ус тогтох эрсдэлийг бууруулах, шугам сүлжээний ашиглалтын найдвартай байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Геодези, Усны Барилга Байгууламжийн газар
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
-
Цаг үе2025/11/06
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваа...
-
Цаг үе2019/11/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үзэл бодол2020/01/15
Х.Мандахбаяр: Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон практик руу эргэн орж болохгүй
-
Шударга мэдээ2023/02/01
ШӨХТГ: Савласан сүүний шошгололтын мэдээллийг шинэчилж эхэлжээ
