Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Огноо:

,

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.

Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.

Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.

Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.

Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.

Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.

Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.

Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.

Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.

Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

Огноо:

,

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзав.

Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд  хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай  уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.

Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ.    Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.

Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг  зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна

Огноо:

,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа. 

Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.  

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Огноо:

,

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв. 

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе12 цаг 14 минут

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Улстөр нийгэм12 цаг 21 минут

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Цаг үе12 цаг 30 минут

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Цаг үе12 цаг 37 минут

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Шударга мэдээ12 цаг 40 минут

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Цаг үе12 цаг 46 минут

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Улстөр нийгэм12 цаг 52 минут

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Улстөр нийгэм13 цаг 6 минут

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Шударга мэдээ2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Цаг үе2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Санал болгох