Шударга мэдээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдаж буй “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэрээ /2026.06.23/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хоёр талын уулзалт хийлээ.
БНХАУ нь Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа чухалчлан үзэж, хөрш орнуудтайгаа “Найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх бодлого баримталж ирснийг Монголын тал сайшаав.

Уулзалтаар хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрдэс баялаг, эрчим хүч, ногоон хөгжил, шинэ технологи, инновацын хамтын ажиллагааг бодит төслүүдээр урагшлуулах асуудлыг хэлэлцэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг эрхэмлэж, хоёр улсын дээд, өндөр түвшинд хүрсэн нэгдсэн ойлголцлыг бодит ажил хэрэг болгохын төлөө байгааг тэмдэглэлээ. Монгол Улс цаашид түүхий эдийг зөвхөн түүхийгээр нь экспортолдог загвараас татгалзаж, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавьж буйг онцлов.
Энэ хүрээнд зэс, хөнгөн цагаан, ган зэрэг боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн явц, тулгамдаж буй асуудал, хэрэгжилтийг түргэсгэх арга замын талаар санал солилцлоо. Ерөнхий сайд Н.Учрал эдгээр төслийг зөвхөн худалдааны асуудал бус, Монгол Улсын эдийн засгийн бүтцийг өөрчлөх, ажлын байр нэмэгдүүлэх, технологи нутагшуулах, экспортын орлогыг өсгөх стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Монгол Улс түүхий эдийн нийлүүлэгчээс нэмүү өртөг бүтээгч улс болох ёстой. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг халж, боловсруулах үйлдвэр, технологи, үйлдвэрлэлийн шинэ суурийг хамтдаа байгуулах цаг болсон гэдгийг онцолсон юм.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, “Зуны Давос” чуулга уулзалтад оролцож буйд талархал илэрхийллээ.

Уул усаар холбогдсон мөнхийн хөрш Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа Хятад улс өндөр ач холбогдол өгч, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тулгуур баримт бичгийн үзэл санааны дагуу талууд тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн зарчмыг баримтлан харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдийн талаарх Хятадын байр суурийг дэмжиж ирсэнд талархалтай байдгаа тэмдэглэв.

Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, таамаглашгүй байгаа энэ цаг үед НҮБ-ын дүрмийг сахин хамгаалж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг хамтдаа сахин хамгаалж, найрсаг хөршийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь хоёр улсын эрх ашигт нийцэхийг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян онцлон тэмдэглэв.
Талууд хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц, тээвэр логистик, эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд аж ахуйн нэгж хоорондын шударга хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих эрх зүйн үндсийг бий болгохыг зорьж ажиллахаар санал нэгдэв.
Ерөнхий сайд Н.Учралын хувьд шинэ цагийн залуу удирдагчийн хувиар Монгол Улсын эдийн засгийн сэргэлтийг бодит төсөл, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагаагаар түргэсгэхийг зорьж байна. Энэ удаагийн уулзалт нь Монгол Улс түүхий эдийн экспортод тулгуурласан уламжлалт загвараас үйлдвэрлэл, боловсруулалт, нэмүү өртөг, технологид суурилсан эдийн засаг руу шилжих зорилтыг урагшлуулах чухал алхам боллоо.

Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Цаг үе2020/01/27
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
-
Цаг үе2020/04/13
Амны хаалт байнга зүүж, гараа тогтмол угааж, бээлий өмсөхийг уриалж байна
-
Цаг үе2024/01/09
Нийтийн байрны орчин, нөхцөлд төлөвлөгөөт бус шалгалт хийхэд 8046 зөрчил илрэв
-
Үзэл бодол2020/01/22
Коронавирусийн халдвар авсан иргэн Япон улсад бүртгэгдлээ
