Улстөр нийгэм
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээ
УОК үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойн өдөр ээлжит 22 дугаар хурлаа өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд, яамдын холбогдох албан тушаалтнууд оролцов.
УОК-ын өргөтгөсөн хурлын эхний хэсэгт: 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдлын мэдээ, УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, КОВИД19 цар тахлын үед эдийн засгийг сэргээх чиглэлээр авч буй хариу арга хэмжээний талаар УОК-ын дарга, гишүүд, салбар хариуцсан сайд нарын мэдээллийг тус тус сонсож, комиссын гишүүд санал хэлж тодруулга авав. Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн байдалтай холбогдуулан УОК-ын гишүүдэд тодорхой үүрэг даалгавар, чиглэл өгөв.

Монгол Улсын хэмжээнд коронавируст цар тахлын халдвар авсан 141 хүн оношлогдож 33 нь эдгэж, 108 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж, гадаад улс орнуудад 32 иргэн коронавирусээр өвчилсөн нь тогтоогдож, эмчлэгдэж байна. Манай улсад бүртгэгдсэн тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөн орж, ирсэн бөгөөд дотоодддоо халдвар тархаагүй дэлхийн цөөн улсуудын нэгэнд тооцогдож байна. ДЭМБ болон бусад мэргэжлийн байгууллагууд уг халдварт цар тахлаас хохирол багатай гарах сонгодог арга нь урьдчилан сэргийлэлт хэмээн зөвлөж, үүний тод жишээгээр манай улсыг нэрлэж байна. Иймд цаашид ч урьдчилан сэргийлэлтээ үргэлжүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд дахин онцолсон.
Дэлхий дахинаа цар тахал дэгдэж, Монгол Улс иргэдэээх орондоо ирэхийг уриалснаас хойш 62,510 иргэн ирснээс 8300 гаруй нь 14-21 хоног тусгаарлалтад оржээ. Одоо Дэлхийн 46 улсаас 11,275 иргэн ирэх хүсэлтээ гаргаад байгаа аж. Тусгаарлах байрны нөөц боломж зэргээ тооцон иргэдээ татан авах ажлыг үргэлжлүүлж, шат дараатай зохион байгуулсаар байна гэв. ДЭМБ-аас маш өндөр эрсдэлтэй орны хувьд цар тахал дэгдлээ гэхэд хүн амынхаа нэг хувьд халдвар тархана гэж тооцож бэлтгэлээ хангахыг зөвлөсөн байна. Энэ нь 32.760 хүн байх бөгөөд 112 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт бэлэн байдалд шаардагдахаар тооцоо гарчээ.
КОВИД19 цар тахлын үед эдийн засгийг сэргээх, ард иргэдийн амжиргааг дэмжих чиглэлээр хэд хэдэн томоохон арга хэмжээ авч, Засгийн газраас 7 тогтоол гаргаж ажилласан байна. Хүүхдийн мөнгийг 70.000, халамжийн тэтгэврийг 100.000 төгрөгөөр нэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэж, бага орлоготой айл өрхүүдэд үнийн дүнг хоёр дахин өсгөсөн хүнсний талон олгож, иргэд аж ахуй нэгжийн түрээсийн төлбөрийг чөлөөлж, малчдын тушаасан ноолуурын килограмм тутамд 20.000 төгрөгийн урамшуулал олгож, ипотекийн болон хэрэглээний зэээлийн төлөлтийг 3-6 сараар хойшлуулж, төв банкны бодлогын хүүг 3 функтээр бууруулжээ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, аж ахуй нэгжүүдийн импортын татварыг хөнгөлөх, улмаар тэглэх арга хэмжээ авч, цаашид эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор УИХ-аар 14 томоохон төслийг хэрэгжүүлэх эрхийг нээлгэж, шийдвэрлүүлээд байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Гадаад харилцааны сайд иргэдийг татан авах ажиллагааг дипломат шугамаар үргэлжүүлэн зохион байгуулахаа мэдэгдсэн. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЭЕШ-ыг 2020 оны 7 сарын 02-05-нд орон даяар зохион байгуулах бэлтгэл хангаж байгаа бөгөөд эрхийг албажуулж нээж, өгөхийг УОК-оос хүссэн. Мөн хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг олгох талаар судлаж шийдвэрлэхийг Сангийн сайдаас хүссэн.
Эдгээр мэдээлэл танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үүрэг даалгаварыг УОК-ын гишүүд, ард иргэддээ чиглэл болгосон юм.

Улсын онцгой комиссын гишүүд, холбогдох байгууллагуудад:
1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилж, хэрэгжилтийг зохион байгуулах;
2. КОВИД-19 халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг сайжруулахад онцгойлон анхаарахыг дахин сануулмаар байна;
3. Улс, нийслэл, аймгийн түвшинд КОВИД-19 халдвар тархах эсрдлийн үнэлгээг тогтмол үе шаттай хийж, эрсдэлд суурилсан төлөвлөгөөг нь тухай бүрт тодотгож, нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжилтийг зохион байгуулах;
4. Халдварын болзошгүй эрсдэлт нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, бүх түвшинд дайчилгаа зохион байуулах бэлтгэлийг хангах;
5. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд халдвараас урьдчилан сэргийлэх, сонгогчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор холбогдох заавар, зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хороонд өгөх;
6. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, эрүүл ахуйн ухамсар, соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Амны хаалтаа зүүцгээе” аяныг үргэлжлүүлэх;
7. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон нийтийн сэтгэл зүй эмзэг байдаг тул хэвлэл, мэдээллийн байгууллагууд хариуцлагатай байж, баталгаат эх сурвалжаас мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх;
8. Өндөр эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй нийт төрийн албан хаагчдад болон тэдний гэр бүлд дэмжлэг туслалцаа, шагнал, урамшуулал олгоход онцгой анхаарч ажиллах;
Иргэд олон нийтэд:
1. Бид сахилга, дэг журамтай байж, энэ аюулт халдвараас өөрсдийгөө хамгаална. Иймд иргэн бүр хувийн ариун цэврээ сахиж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг хатуу мөрдөх хэрэгтэй.
2. Төр засаг үүргээ гүйцэтгэж, гадаад улс орнуудаас иргэдээ үе шаттайгаар татан авч ирж байна. Цаашдаа ч манай Засгийн газар иргэдээ татан авчирна гэсэн байр суурьтай байгаа.

3. Оюутан, залуучууд хичээл сургуулийн үйл ажиллагаа зогссон энэ үед цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, ном, сурах бичиг, цахим эх сурвалжийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх.
4. Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулах, олон нийтийг турхирах, төөрөгдүүлэх зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж уриалсан юм.
УОК-ын өргөтгөсөн хурлын хоёрдугаар хэсэгт: Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дагаж мөрдөх түр журмын төсөл мөн сонгуулийг зохион байгуулахад болзошгүй халдвараас хамгаалахад шаардагдах зардал, БХЯ-ны харьяа ЦТЭ-т шаардагдах хөрөнгийн асуудлын талаар хэлэлцэн зарим шийдвэрийг гаргав.
Найм дахь удаагийн эрсдлийн үнэлгээгээр Монгол Улс коронавируст цар тахал дэгдэх МАШ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдсон хэвээр байна. Түүнчлэн цаг үеийн байдал, хөрш болон дэлхийн улс орнууд дахь цар тахлын тархалт, дэгдэлт болоод бусад судалгаанд үндэслэн энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал дахин нэг сараар сунгах саналыг УОК-ын Шуурхай штабаас гаргасныг УОК-ын гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлуулахаар тогтов.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй үед анх удаа УИХ-ын сонгуулийг зохион явуулах гэж байгаатай холбогдуулан СЕХ-той хамтран УОК-оос ажлын хэсэг томилж "Түр журам"-ын төсөл боловсруулаад байна. УИХ-ын 2020 оны сонгууль сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх тус түр журмыг 8 зүйл 50 заалттайгаар боловсруулжээ. Уг журамд нэр дэвшигчид иргэдтэй уулзалт зохион байгуулахдаа мөрдөх халдвар хамгааллын дэглэм, хугацаа зэрэг зүйлсийг тусгаж өгсөн байна. Комиссын гишүүд журмын төсөлтэй танилцаад зарим өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй гэж үзлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Улстөр нийгэм2020/10/14
Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглоно
-
Улстөр нийгэм2023/05/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан III Чарльзийг хаан сэнтийд з...
-
Урлаг спорт2020/05/20
“Миний бяцхан тайз” хүүхдийн хөгжмийн уралдаандаа оролцоорой!
-
Цаг үе2024/03/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
