Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны мэдэгдэл

Огноо:

,

Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Махны үнэ нэмэгдэж 18000-20000 төгрөгт хүрлээ. Мах худалдаж авч чадахгүй иргэд шулсан ясаар өдөр хоногийг өнгөрөөж байна” гэсэн гарчигтай нийтлэлийг байршуулж, олон нийтийг бухимдуулсан үндэслэлгүй мэдээлэл түгээжээ. Энэ мэдээллийг зарим иргэд нийгмийн сүлжээгээр дамжуулан түгээсэн байна.

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/899 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэх, нөөцлөх, худалдан борлуулах хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар ахлуулан ажиллуулж байна.

Энэ ажлын хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргүүдийн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний хэлтэс болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан, мах бэлтгэх, нөөцлөх, худалдан борлуулах арга хэмжээг хамтран зохион байгуулж байна.

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тн махыг нөөцөлсөн бөгөөд бэлтгэж нөөцөлсөн махыг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлэн Нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны 413 хүнсний дэлгүүрээр борлуулж байна. Нөөцийн махны худалдаагаар 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 7662.7 тн махыг хонины ястай мах 6700 төг/кг, үхрийн ястай мах 7700 төг/кг, ямааны мах 6200 төг/кг үнээр борлуулсан байна. Нөөцийн махны чанар, эрүүл ахуйн шаардлагад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газар байнга хяналт тавьж, зөрчил дутагдал гарахаас сэргийлж байна.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг Баянзүрх дүүргийн Скай худалдааны төвийн гадна талбайд, 16-р хорооллын Цайз худалдааны төвийн гадна талбайд, Чингэлтэй дүүргийн Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд, Баянгол дүүргийн Хархорин худалдааны төвийн гадна талбайд, 25-р эмийн сан буюу 6-р хорооны гадна талбайд, 6-р бичил хорооллын Баян тахилт төвийн урд талд, Сонгинохайрхан дүүргийн Орбитын тойрог, Тунгалаг төвийн гадна талбайд, Содон хороолол зэрэг байршилд зохион байгуулж, хонь, ямааны махыг гулуузаар худалдан борлуулж байна. Өргөтгөсөн худалдаа 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас холбогдох төрийн байгууллагуудтай хамтран Үндэсний статистикийн хорооны 7 хоног тутмын албан ёсны үнийн дундаж мэдээнд үндэслэн дүн шинжилгээ хийн ажиллаж байна. Статистик дүнгээр 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод махны үнийн хувьд өмнөх 5 сартай харьцуулахад хонины ястай махны үнэ 1.0 хувиар, үхрийн ястай болон цул махны үнэ 3.3-3.7 хувиар, адууны мах 2.2 хувиар, ямааны мах 7.4 хувиар тус тус нэмэгдсэн байна. Энэ өсөлт нь шинэ мах хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэнтэй холбоотой байна.

Махны үнэ нь тухайн махны төрөл, ангиллаас шууд хамаардаг. Тухайлбал, үхрийн цул мах нь ангилж ялгасан дээд зэргийн мах бөгөөд ястай мах буюу ангилж ялгаагүй махнаас үнийн хувьд өндөр байдаг. Энэ нь цул мах булчин эдэд агуулагдах төгс уургийн агууламж болон нэгж бүтээгдэхүүн дэх шим тэжээлийн үзүүлэлт өндөр байдагтай холбоотой. Ангилж ялгасан цул мах, эсхүл ангилж ялгаагүй ястай мах хэрэглэх, мөн бэлтгэж нөөцөлсөн мах болон шинэ мах худалдан авч хэрэглэх хэрэглэгчийн сонголт чөлөөтэй байна.

КОВИД-19 халдварт цар тахал манай улсад бүртгэгдэж, Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай цаг үед махны үнэ хорин мянган төгрөгт хүрсэн гэсэн мэдээлэл нь олон нийтийг бухимдуулсан хууль бус үйлдэл байна. Үндэслэлгүй мэдээлэл түгээх нь хуулийн хариуцлагатай болохыг анхааруулж байна.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох