Шударга мэдээ
Монгол нэхмэлийн шинэ үе төслийг танилцуулав
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монголын Текстилийн Инженерүүд Эрдэмтдийн Нийгэмлэгийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад ХХААХҮ-ийн сайдын Зөвлөх Р.Жадамбаа, НБТГ-ын мэргэжилтэн В.Болормаа, ХҮХБЗГ-ын мэргэжилтэн Б.Эрхэмбаяр, Монголын Текстилийн Инженерүүд Эрдэмтдийн Нийгэмлэгийн тэргүүн Ч.Түмэнбаяр, УЗ-ийн гишүүн Ц.Цогбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амарзаяа нар оролцов.
Нийгэмлэгийн зүгээс Монголын Текстилийн салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлж, цаашид тус салбарыг хөгжүүлэхэд будах- нарийн ээрэхийн үйлдвэр болон даавуу үйлдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэж , үйлдвэрийн төслийн талаар танилцууллаа.
Энэхүү төслийн хүрээнд ноос, ноолуур болон хөвөн, торгон ширхэгт боловсруулж жилдээ 311,7 тонн нарийн ээрмэл, нарийн даавуу нэхэх үйлдвэр нь 672000 метр даавуу үйлдвэрлэнэ. Будах ээрэх үйлдвэрийг тойрсон сүлжмэл, нэхмэлийн үйлдвэрийн кластер хөгжих юм. Мөн нэхмэл даавууг тойрсон оёмол хувцасны үйлдвэрийн кластер бий болно. Ээрмэл утас, бүх төрлийн ноос, ноолууран хувцас, ороолт, малгай, оёмол хувцас гэх мэт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол брэндийг бий болгохоор зорьжээ. Төслийн санхүүжилтэд 18 сая долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд үйлдвэрийн цогц төслийг ашиглалтад оруулсанаар жилд 5,7 сая долларын ашигтай ажиллаж, улсын төсөвт 9,3 сая долларын орлогын албан татвар төлөх боломжтой гэж тооцжээ. Мөн төсөл хэрэгсэнээр 1000 орчим ажлын байр бий болж, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх түлхэж болно гэж үзэж байна.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан төслийг цаг үеэ олсон төсөл байна гэж тэмдэглээд, яамны хүрээнд судалж, нийгэмлэгтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр бид төслийг судлаж, Нэгдсэн бодлогын төлөвлөлтийн газар, хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого зохицуулалтын газар голлон ажиллана. Яамандаа бодлого гаргаад, Засгийн газрын үндэсний хөтөлбөрүүдийн зорилттой уялдуулаад, боломжоо судлах нь зүйтэй юм. Бидний зайлшгүй зорьж байгаа асуудал. Гүн боловсруулалтаа ахиулаад кластер хэлбэрээр боловсруулах үйлдвэрээ түүхий эдээр, утсаар хангах асуудал тулсан зорилт болсон. Та бүхний санал, бидний бодлого зорилго нэг чигт байна. Яамнаас мэргэжлийн холбоодтойгоо хамтран ажиллах, хүчээ нэгтгэх бодлого барьж ажиллаж байна. Тиймээс хамтран ажиллахад таатай байх болно” гэдгийг илэрхийлэв.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Улстөр нийгэм2026/06/30
“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ
-
Цаг үе2025/04/30
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ
-
Улстөр нийгэм2022/10/20
ШӨХТГ-аас торгууль ногдуулсан арилжааны банкууд захиргааны хэргийн шүүхэд хандса...
-
Улстөр нийгэм2020/06/02
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо
