Улстөр нийгэм
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ
УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танилцуулав.
Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы энэ сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
УИХ-ын даргын 2020 оны 32 дугаар захирамжаар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахлуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан ажлын дэд хэсгийг байгуулан ажиллуулжээ.

Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсгийн танилцуулгыг сонсож, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэжээ. Тухайлбал, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа болсон цалин, нэмэгдлийг төсөлд тодорхой тусгах, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг чөлөөлөх үндэслэлийг тусгах болон хуулийн төслийн уялдааг хангах талаарх саналуудыг ажлын хэсгээс гаргажээ. Мөн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд Улсын дээд шүүхийн шүүгчийг Улсын Их Хуралд танилцуулах талаарх төслийн заалтыг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нийцүүлэх, үүнтэй уялдуулан Нийтийн сонсголын тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах шаардлагын үүднээс Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг Байнгын хороо дэмжжсэн байна. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан "Шүүгчид нэмэгдзл олгох журам батлах тухай", "Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг боловсруулсныг хэлэлцэж дэмжжээ.
Байнгын хороо хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган үндсэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй зарим засвар оруулан эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараасан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Т.Аубакир, Ж.Ганбаатар, П.Анужин, Ж.Ганбат, С.Амарсайхан, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Б.Энх-Амгалан, С.Ганбаатар, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт, мэдээлэл авсан юм. Асуулт асууж тодруулсан гишүүд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд мэтгэлцээний зарчмыг хэрэгжүүлэх, гишүүдийн санал бодлыг авч өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд Байнгын хороо, ажлын хэсэг сайн ажилласныг дурдаж байв.
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, зарчимд нийцүүлж боловсруулсныг хэлэлцүүлгийн явцад Байнгын хороо, ажлын хэсэг нухацтай ярилцаж улам чамбайруулсан. Хуульд маш том өөрчлөлт орж байгаа. Шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, хэрэв шүүгч нь хариуцлага алдсан, ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг байх зарчмыг нарийвчлан зохицуулж өгсөн. Тухайлбал, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий биө даасан байгууллага болох Шүүхийн сахилгын хороо улсын хэмжээнд ажиллах юм. Харин шүүгчдэд зэрэг дэвийн нэмэгдэл олгох санал дэмжлэг аваагүй, гэхдээ шүүгчдэд үндсэн цалин дээр онцгой нөхцөлийн нэмэгдэл, мөн докторын зэрэг цолны нэмэгдэл олгохыг дэмжсэн. Тиймээс шүүгчдийн цалин одоогийнхоос буурахгүй, хууль батлагдсанаар ажлын ачаалал нь ч боломжийн хэмжээнд шийдэгдэнэ гэж үзэж байгаа гэсэн хариултыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт өгөв.
Мөн ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа учраас шүүгчийн тэтгэврийг цалингийн 80 хувиар тогтоох, Төрийн албаны тухай хуультай зөрчилдөж байгаа тул 5-аас дээш жил ажилласан шүүгчийн цалин жил тутам 2 хувиар нэмэгдэх зохицуулалтууд төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдээгүй. Тиймээс бие даасан институцийн хувьд шүүгчдийн цалин хөлсийг одоо авч байгаагаас нь дордуулах нөхцөл үүссэн учраас холбогдох зохицуулалтыг хийх шаардлага гарсан учраас төрийн тусгай албан хаагчдад олгодог ажилласан жилийн буюу 5-25 хувь хүртэлх нэмэгдэл, мөн онцгой нөхцөлийн хувийн нэмэгдэл зэргийг авах зохицуулалтыг тусгахаар холбогдох саналын томьёоллыг боловсруулсан. Хуулийн төслөөр шүүгчдийн цалинг бууруулсан зүйл огт байхгүй. Шүүгчдийн цалин нь үндсэн цалин, онцгой нөхцөлийн нэмэгдэл, докторын нэмэгдэл зэргээс бүрдэж байгааг дурдав. Түүнчлэн Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт нар гишүүдийн зарим асуултад нэмэлт хариулт, тайлбар, мэдээлэл өгсөн юм.
Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 28 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 20 дугаар зүйлд “Энэ хуулийн 20.2.3-т заасан тайланг Нийт шүүгчийн чуулганаар сонсохдоо хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд дүгнэлт, шийдвэр гаргахгүй.” гэсэн агуулгатай 20.13 дахь хэсэг нэмэх, төслийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийг “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар, Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ.” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 24 дүгээр зүйлд “Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны талаар сургалтын хөтөлбөр, арга зүйд тусгахыг хориглоно.” гэсэн агуулгатай 24.5 дахь хэсэг, 25 дугаар зүйлд “улс төрийн намын бүртгэл хөтлөх;” гэсэн агуулгатай 25.8.8 дахь заалт нэмэхийг дэмжлээ.

Түүнчлэн төслийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн “тухай саналыг Ерөнхийлөгчид, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай албан бичгийг Улсын Их Хуралд холбогдох баримт бичгийн хамт хүргүүлнэ” гэснийг “саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж өөрчлөхөөр тогтов. Энэ санал дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг “Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана”, “Ерөнхий зөвлөл энэ хуулийн 36.2-т заасны дагуу Улсын Их Хурал танилцсан нэр дэвшигчийг долоо хоногийн дотор Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.” гэж өөрчлөн найруулж, 36.2, 36.3 дахь хэсэг болгохыг дэмжив.
Мөн хуулийн төслийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн албанд ажилласан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.” хэмээн өөрчлөн найруулж, 46.7 дахь хэсгийн “журам, шалгуур үзүүлэлтийг” гэснийг “шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журмыг” гэж өөрчлөх, 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтын “өв залгамжлагчид” гэснийг “гэр бүлд” гэж өөрчилж, мөн зүйлд “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэсэн агуулгатай 48.9 дэх хэсэг нэмэх, 77 дугаар зүйлийн 77.10 дахь хэсгийг “Ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүний албан тушаалын зэрэг зиндаа, цалин хөлс, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн юм.
Төслийн 100 дугаар зүйлийн гарчгийн “гишүүнийг” гэсний дараа “чөлөөлөх,” гэж, мөн зүйлд Сахилгын хорооны дарга, гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон; өөрөө хүсэлт гаргасан бол үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэсэн агуулгатай 100.1 дэх хэсгийг нэмэхээр тогтов.
Үргэлжлүүлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүд болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаарх саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэв. Үүгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дуусгаж, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Б.Энхбаяр чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.
Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.5 хувь нь Байнгын хорооны горимын саналыг дэмжсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ц.Даваасүрэн нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжив. Иймээс төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Цаг үе2022/12/15
Говь-Алтай-Ховд чиглэлд замын зорчих хэсэг болон хөвөөний цасыг Автогрeйдэрээр а...
-
Цаг үе2023/01/19
Зайсан тойруугийн авто замын хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт орно
-
Улстөр нийгэм2020/04/20
УИХ дахь намын бүлэг, зөвлөл өнөөдөр хуралдана
-
Цаг үе2026/02/04
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд з...
