Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Огноо:

,

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 ны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.    

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир тус тус  танилцуулав. 

Монгол Улсын онцлог, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн хамгаалалтын олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж болон бусад улс орны нийтлэг зохицуулалт, чиг хандлагыг харгалзан төслийг боловсруулжээ. Нэн тэргүүнд хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг нэмж, өөрчилсөн төдийгүй зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааны талаарх зохицуулалтыг нарийвчлан тусгах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ. Зарим бүтээлийн зохиогчийн эрхийн онцлогийг дэлгэрэнгүй тусгасан. Үүнд үүсмэл бүтээл, албан үүргийн дагуу туурвисан бүтээл, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл, компьютерийн програм, мэдээллийн сан, дүрслэх урлагийн бүтээл, архитектурын бүтээлийн зохиогчийн эрхийг нарийвчлан тодорхойлсон талаар төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлэх, эсхүл бүтээл ашиглах онцгой эрхийг лиценз олгох замаар бусдад бүтээл ашиглуулах үндсэн арга хэлбэрийг тодорхойлж,  бүтээл ашиглах эрх шилжүүлэх гэрээ болон лицензийн гэрээний үндсэн нөхцөлийг нарийвчлан тусгажээ. Зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөлийг буюу бүтээлийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зүй ёсны ашиглалттай зөрчилдөхгүйгээр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр бүтээлийг төлбөргүйгээр болон зөвшөөрөлгүйгээр ашиглах тохиолдлуудыг нарийвчлан зохицуулсан байна.

Дүрслэх урлагийн бүтээлтэй холбоотой зохицуулалтыг нарийвчилж, хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг тусгай хэрэгцээт хүмүүст зориулан хөрвүүлж, хуулбарлах, хуулбарыг хил дамнуулан солилцох, нийтэд түгээх болон нийтийн хүртээл болгоход зохиогчийн эрхийг хязгаарлахтай холбоотой зохицуулалт болон цаашлаад цахим орчноос гадна харилцаа холбооны бусад сүлжээнд зохиогчийн эрхийг хамгаалах, бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээний талаарх зохицуулалтуудыг нэмж тусгасан байна. Бүтээл ашиглалтын тарифыг хянаж батлах, бүтээл ашиглах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх, маргаан бүхий талуудыг эвлэрүүлэн зуучлах чиг үүрэг бүхий Зохиогчийн эрхийн зөвлөлийг байгуулах эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон байна. Зохиогч, эрх эзэмшигчдийн эрхээ төлөөлүүлэн хэрэгжүүлэх, хамгаалуулах үндсэн хэлбэр болох хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгожээ. Тодруулбал, хамтын удирдлагын байгууллагад тавих шаардлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаандаа ил тод, шуурхай байдал болон үнэн зөв, бодит мэдээллийг хангаж ажиллах эрх зүйн орчныг бий болгож, уг харилцаанд оролцогчдын эрх, ашиг сонирхлыг тэнцвэртэй хангах боломжийг бүрдүүлсэн талаар төслийн танилцуулгад дурдсан байв. 

Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, “Оюуны өмч, патент зэрэг  энэ салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтыг хамгаалах эрх зүйн асуудалд төр анхаарлаа хандуулах цаг болсон. Цаашдаа оюуны өмчийн бүртгэлийн асуудал, итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг олноор нь ажиллуулах, бэлтгэх энэ чиглэлд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай”  гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, хуулийн төслийг дэмжиж байгаагийн илэрхийлэхийн зэрэгцээ “Иргэдийн хувьд шинэ санаа, бүтээлийг нь хууль хамгаална гэдэгт итгэлгүй байдаг учир хуулийн төслийг чамбайруулж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад анхаарч ажиллах нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс зохиогчийн эрхийн бүртгэлийн хэмжээ, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодруулахын зэрэгцээ оюуны өмчийг үнэлэх, аж  үйлдвэрийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн өв залгамжлагчийн эрхийг 50 жилийн  хугацаагаар зохицуулсныг лавлаж байв. 

Ажлын хэсгийн зүгээс, Сүүлийн гурван жилийн хугацаанд зохиогчийн эрх 3070 ширхэг  буюу тодруулбал 2020 онд 1045, 2019 онд 1030, 2018 онд 1000 гаруй бүртгэгдсэнийг онцлов. Мөн зохиогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг бөгөөд хууль зөрчсөн иргэнийг 500,  аж ахуйн нэгжийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохын эзрэгцээ хууль бусаар олсон орлого, техник хэрэгслийг хураах зэрэг зургаан төрлийн албадлагын арга хэмжээ авдаг. Хохирлын хэмжээ 50 сая төгрөгөөс дээш гарсан тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хэмээн хариулж байлаа. 

Хуулийн төсөлд оюуны өмчийн үнэлгээний асуудлуудыг тодорхой болгосон. Оюуны өмчийн үнэлгээнүүдийг хийвэл цаашдаа тухайн өмчөө барьцаанд тавих, аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх, зээл авах, зөрчигдсөн эрхээ сэргээлэх зэрэг олон асуудал тодорхой болно хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нэмж хариулав. Түүнчлэн тэрбээр, оюуны өмчийн өв залгамжлал чухал асуудал бөгөөд энэ талаарх  зохицуулалтыг олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн төсөлд тусгасан гэж байлаа. 

Ингээд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн  тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох