Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Самбалхүндэвийн оршуулгын газарт “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” байгуулахыг дэмжив

Огноо:

,

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Самбалхүндэвийн оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ.

Самбалхүндэвийн буюу олны хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдсан. 1987 онд хаагдсан боловч иргэд 2000-аад оны эхэн үе хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн юм. Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн 7, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр,  Дэнжийн мянга, Зурагт зэрэг гэр хорооллын дунд оршдог. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолд нийт 73.9 га талбайтай, нөөцгүй гэж тусгасан байна. 2015 онд Улаанбаатар хотын ЗАА-наас хийсэн тооллогоор тус оршуулгын газарт 47.3 мянган шарил байгаагийн 15.6 мянга нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байсан. Харин 2021 оны тооллогоор нэр нь тодорхойгүй булш, бунхны тоо 20 орчим хувиар нэмэгджээ.

Газарт оршуулсан хүний цогцос 20 гаруй төрлийн хорт хийг дэгдээж, цогцос дахь хорт бодисууд хөрсөнд нэвчиж, олон жилийн хугацаанд өвчин үүсгэх чадвараа хадгалдаг. Мөн амьсгал болон ахуйн замаар тархаадаг нь байгаль экологи, хүн амын эрүүл ахуй, амьдрах орчинд аюул учруулж буй. Түүнээс гадна уламжлалт ёс заншил, соёлд үл нийцэх бусад сөрөг үр дагаврыг үүсгэсээр байна гэж үзэж байна. УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт тус оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгасан. Мөн Нийслэлийн ИТХ-ын 2014 оны тогтоолоор дээрх ажлыг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч огт хэрэгжээгүй өнөөг хүрсэн байна.

Тэгвэл уг оршуулгын газарт бурхан болоочдыг дурсан хүндэтгэх иж бүрэн тохижилт, барилга, байгууламж бүхий “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-г холбогдох хууль, тогтоомжийн дагуу хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр байгуулах асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга Т.Гантөмөр мөн танилцууллаа.

Төслийн хүрээнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, 2021-2024 оны хугацаанд дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна.

Төсөлд нийт 10 га газрыг хамрах бөгөөд үүнд, дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв зэрэг багтах юм.

Тэргүүлэгчдийн хуралдаанаас уг тогтоолыг дэмжсэн бөгөөд Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 15дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан Самбалхүндэвийн оршуулгын газрыг жагсаалтаас хасагдсан тооцох заалтыг нь түр хойшлуулав. Мөн НИТХ-ын нэгдсэн хуралдаанд тус оршуулгын газарт цэцэрлэгт хүрээлэн баригдахаас бусад газрыг хэрхэн ашиглах талаарх хэсэгчилсэн төлөвлөгөөг оруулж ирэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ

Огноо:

,

Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.

Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.

Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.

Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.

Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад зохион байгуулагдаж буй “ICOT V-2026” Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганд  оролцохоор хүрэлцэн ирсэн олон улсын  эрдэмтэн, профессоруудын төлөөллийг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхийлөгч, профессор Эюп Кахвежи, Испанийн Донор ба шилжүүлэн суулгалтын институтийн ерөнхийлөгч, профессор Марти Маньялич Видал, Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхий зохицуулагч Гамзе Илдирим, БНСУ-ын Сөүлийн Үндэсний Анагаах Ухааны Төвийн профессор, Азийн Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, “Vitalink” байгууллагын захирал профессор Гюри Ан нар оролцлоо.

Талууд Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тархины үхэлтэй донорын тогтолцоог бэхжүүлэх боломж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг олон улсын сургалт, судалгаанд хамруулах, эрхтэн хадгалалт болон шилжүүлэн суулгах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг онцолж, олон улсын байгууллага, тэргүүлэх мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр “ICOT V-2026” конгрессын хүрээнд хэрэгжүүлэх хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, туршлага солилцооны талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Огноо:

,

Манай улс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-тай хот байгуулалт, аялал жуулчлал, соёл, боловсрол, эдийн засгийн салбаруудад хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин тус улсын Нинь Бинь мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Май Ван Туат тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд НЗД-ын орлогч А.Амартүвшин уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотын хувьд танай улсын нийслэл Ханой хоттой 1980-аад оноос эхлэн олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Нийслэл хотуудын энэхүү харилцаа өнөөдөр орон нутгийн түвшний хамтын ажиллагаагаар улам бүр баяжиж байгаад баяртай байгаа илэрхийлье.

Цаашид Улаанбаатар хот болон Нинь Бинь мужийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг харилцан холбож, бизнесийн орчин, зах зээлийн боломжийг нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Тухайлбал, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ.

БНСВУ-ын Нинь Бинь мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Май Ван Туат “Манай муж нь 2030 он гэхэд хотын статустай болохоор зорьж буй. Үүнтэй холбоотойгоор бидний харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

Цаашид дээрх салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна дижитал шилжилт, төрийн үйлчилгээний шинэчлэл, суурьшлын бүсийн оновчтой төлөвлөлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцон, хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгийг онцолж байв.

Ташрамд, Монгол Улс, БНСВУ хооронд дипломат харилцаа тогтоосны 72 жилийн ой энэ онд тохиож байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох