Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Эдийн засгийн урамшуулал олгох замаар хог хаягдлын менежментийг сайжруулна

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн урамшуулал олгох журмын төсөл”-ийг хэлэлцлээ.

Энэхүү журмын зорилго нь дээрх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мөнгөн урамшуулал болон кредит онооны системээр урамшуулал олгоно. Ингэснээр хог хаягдлыг бууруулах, дахивар нөөцийг ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, экспортлох үйл ажиллагааг дэмжих юм. Мөн байгальд дарж булшлагдаж байгаа энгийн хог хаягдлын хэмжээг багасган орчны бохирдлыг буууруулах, улмаар хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой. Журмын дагуу бүх төрлийн цаас, хуванцар болон гялгар уут, шилэн лонх, хөнгөн цагаан лааз, хүнсний болон органик хог хаягдал, автомашины дугуй зэрэг дахивар нөөцөд мөнгөн урамшуулал тооцно. Харин бүх төрлийн хар болон өнгөт төмрийн хаягдал орохгүй. Түүнчлэн кредит оноог үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаанаас үүсэж байгаа дахин боловсруулах боломжтой хаягдал, сав, баглаа боодлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах тогтолцоог бий болгосон иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгох юм. Энэхүү онооны системийн урамшуулалд мөн эко жорлон ашигладаг иргэн, ААН мөн хамрагдана. Энэхүү кредит оноог хог хаягдлын чиглэлээр зарласан төрийн худалдан авалтын үйл ажиллагаанд оролцох, зээл тусламжид хамрагдах, нийслэлийн их дээд сургуульд элсэн ороход ашиглах аж.

Кредит онооны урамшуулал нь энгийн хог хаягдал төрөлжүүлэн ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлдэг болон мөнгөн урамшуулалд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагад хамаарахгүй. Энэхүү журмыг хэрэгжүүлснээс мөнгөн урамшуулалд эхний жилд 1.6 тэрбум төгрөг шаардагдана гэж Нийслэлийн ЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун хэллээ. Цаашид хог хаягдал цуглуулах ажиллагаа өргөжсөнөөр урамшууллын хэмжээ нэмэгдэнэ гэж тооцсон байна.

Дээрх урамшууллын журам хэрэгжсэнээр хог хаягдал дахин боловсруулдаг 30 орчим үйлдвэр, 100 гаруй бизнес эрхлэгч, ялган бэлтгэдэг 200 гаруй цэг, түүнд ажилладаг 2000 гаруй ажилтан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлсний өгөөжийг хүртэх, улмаар илүү өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Гантулга хог хаягдлын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийг анхааруулсан бол  Д.Энхтуяа хог ангилан ялгах талаарх нөлөөллийг цэцэрлэг,  сургуулийн насны хүүхдүүдээс эхлэн хийх ёстойг санууллаа. Мөн тэргүүлэгч Н.Баярчимэг хотын хог хаягдлын бараг 50 гаруй хувийг эзэлдэг үнсний асуудлыг тавьж, энэ талаарх  хэрэгжүүлэх  арга хэмжээ бий юу гэдгийг тодруулав. Тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  олонхын саналаар дэмжиж, нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болов гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох