Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 06-ны өдөр ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхлээд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” байгаль орчныг хамгаалах холбооны ойжуулалтын туршилтын талбайд очлоо.
Баянзүрх уул 1989 он хүртэл шинэс мод бүхий ойтой байсан ч хууль бус мод бэлтгэл, Сибирийн хүр хорхойн нүүдэл зэргээс болж 420 га газрын ой бүрмөсөн үгүй болсон байна. Иймээс энд 5.32 га талбайд 1080 шинэс, 8440 хайлаас тарих төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
Нарны эрчим хүч ашиглан модоо дуслын системээр, гар утаснаасаа удирдан усалж байгаа туршлагыг бусад аймаг, дүүрэг, суманд нэвтрүүлэх бүрэн боломжтой юм байна. Цаашид байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран нэг сая мод тарьж, амралт, зугаалгын бүс болгохоор төлөвлөснөө “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэчулуун танилцууллаа.

Ерөнхийлөгч мөн Туул голын дагуу нэг га талбайд төрөл бүрийн мод, дөрвөн га-д эмийн ургамал тарьж байгаа “Буянт үйлстэн” ТББ-ын тэргүүн Г.Наранчимэгтэй уулзлаа. Тэрбээр байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд хүн бүх хувь нэмрээ оруулах ёстой гэж үздэгээ хэллээ. Мөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг талбайдаа ирж мод тарьж байхыг урилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараа нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Төгөл” ХХК-ийн мод үржүүлгийн газарт очлоо.
Энэ компани 50 га талбайд 20 гаруй төрлийн жимсний, гоёлын болон анхилам үнэртэй бут, сөөг, зүлэгний үр зэргийг тарьж, худалдахаас гадна бортгонд өсгөсөн том модыг суулгах үйлчилгээ үзүүлдэг байна.
Жилд шинэсний 300-340 мянга, навчит модны 120-140 мянган тарьц үржүүлдэг. Жимсний модыг гэхэд л ногоон мөчрөөр үржүүлж, 2-3 настай болгосны дараа шилжүүлэн суулгахад амьдрах чадвар дээд зэрэг байдгийг компанийн ойн инженер С.Дашдаваа хэллээ. Мөн бортгонд суулгаж хоёр метр гаруй болтол нь өсгөсөн модыг бортогтой нь шууд шилжүүлэн суулгадаг байна.
Цаашид үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шугамаар зээлд хамруулах, техник, тоног төхөөрөмж, бусад шаардлагатай бодисоор хангахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хүрээнд байгуулж байгаа Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд очлоо.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16-р хорооны 40 га талбай дахь цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай байна. Энд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоом, спортын талбай, 100 орчим автомашины зогсоол байгуулж, 80 гаруй нэр төрлийн мод, ургамал тарьж ургуулжээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэн, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж бүр дор бүрнээ идэвх, санаачилга гаргаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.
Тэрбээр “Уулнаас мод авчирч суулгах биш, харин үрслүүлж, арчилж тордож, ургуулах ёстой. Уул уурхайн томоохон аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, аймгууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж эхэлсэн. 900 мянга гаруй өрх боломжийнхоо хэрээр үрслэгээ хийж хавар, намартаа мод тарьж, ургуулдаг байхын төлөө хичээх цаг ирлээ. Төр, хувийн хэвшил, иргэд хамтдаа зүтгэж байж өмнөө тавьсан зорилтынхоо ард гарна. Ирэх сард ойчдын Их хурал хийнэ. Ирэх өвөл бэлтгэлээ сайтар хангана“ гэж хэллээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг:
- 2021-2024 он буюу бэлтгэл үе,
- 2024-2026 он буюу эрчимжүүлэх,
- 2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттай өрнүүлэхээр төлөвлөөд байна.




Улстөр нийгэм
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
Улстөр нийгэм
Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.


Улстөр нийгэм
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Шударга мэдээ2020/01/06
Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авлаа
-
Цаг үе2025/08/14
Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, стандарты...
-
Улстөр нийгэм2025/04/24
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Цаг үе2025/10/06
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
