Шударга мэдээ
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын зөвлөл байгуулах талаар уулзалт хийлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр Инновац, цахим бодлогын байнгын хорооноос мэдээллийн технологийн тусгай бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан уулзалт зохион байгуулав.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим хөгжлийг дэмжих багц 5 хуулийг өнгөрсөн намрын чуулганаар УИХ-аар хэлэлцэн баталсан. 2022 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсад мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн тусгай бүс байгуулах, тус бүсэд үйл ажиллагаа явуулахтай холбоотой харилцааг зохицуулах хуулийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан Монголын электрон спортын холбоо, Монгол Валли, Аеро сити, Сиркл парк зэрэг улс орны эдийн засагт нөлөө үзүүлэхүйц төслүүдийн болон бусад хувийн хэвшлийн саналуудыг тусгах зорилгоор Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд бодлогын зөвлөл байгуулахаар өнөөдрийн уулзалтаар шийдвэрлэж, санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Д.Цогтбаатар болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн байхдаа Монгол улсад мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байдаг. Хуулийг батлан хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, салбарын стартап компаниуд үйл ажиллагаагаа явуулах таатай орчныг бүрдүүлж, юникорн компани болох нөхцөлийг нээх эрх зүйн орчныг бий болгон валютын урсгалыг Монголдоо төвлөрүүлэх боломжтой болох юм.
Цахим шилжилтийг дэмжих багц 5 хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тусгай бүс бий болгох, мэдээллийн технологийн цаашдын хөгжил, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог хангасан бодлогын зөвлөл манлайлан ажиллах юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Улстөр нийгэм2022/05/13
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирлыг хүлээн авч уулзав...
-
Улстөр нийгэм2022/10/21
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуу...
-
Улстөр нийгэм2025/01/22
Улаанбаатар хотод 25 сургууль, 26 цэцэрлэг уурын зуух ашиглаж байна
-
Үзэл бодол2021/02/08
Ц.Цолмонбаатар: Хувь хүний чадварыг танина гэдэг удирдагч хүний хамгийн том мэдр...
